Прокуророос С.Эрдэнэ тэргүүтэй 4 гишүүний БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ саналыг УИХ-д оруулна

Намрын улс төр өнгөрсөн сарын дундуур прокурорын бичиг дор “сүр” дуулиантайгаар өндөрлөөд сар орчим боллоо. Сонгуулийн өмнөх жилийг ч хэлэх үү, гишүүд саарал ордондоо тухлахаас илүүтэйгээр тойргийн “хэдээ” бараадаж, хааяа нэг ордны “тайзан” дээрх хэд гурван гишүүдийн энтертаймэнтаас өөр онцын сонингүй өдрүүд үргэлжилсээр.

Харин удахгүй эхлэх хаврын улс төр ёстой “халуухан” өрнөж, биднийг уйдаахгүй бололтой. Тодруулбал, эх сурвалжуудын мэдээлж буйгаар прокурорын байгууллагаас ойрын хугацаанд дахин 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д оруулж ирэхээр бэлдэж буй аж.

Одоогийн байдлаар хэн хэн гэсэн дөрвөн гишүүнийг, чухам ямар шалтгаанаар прокурорын байгууллага бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах гэж байгаа нь тодорхойгүй байна. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар бүрэн эрхээ “яриулах” 4 гишүүний нэг нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ байх гэнэ.

АТГ-аас УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангийн болон өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан хэд хэдэн асуудлаар шалгаж, яллагдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорын байгууллагад гаргасан талаар “Өнөөдөр” сонин өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл уг асуудалтай нь холбоотойгоор С.Эрдэнэ гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудлыг хөндөж буй бололтой. 

Хэрэв Улсын Ерөнхий прокуророос зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д ойрын өдрүүдэд ирүүлбэл хуулийн дагуу 48 цагийн дотор уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ингэхдээ Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлэг болон байнгын хороогоор хэлэлцээд УИХ нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэнэ. Магадгүй ирэх сарын эхээр гишүүдийн бүрэн эрхийг ярихаар ээлжит бус чуулган зарлагдаж, саарал ордонд хаврын улс төр эхлэх бололтой.

admin

Read Previous

ЗАСАГ ЧАНГАРЧ, ”РИО ТИНТО” ГЭДИЙХ ҮҮ?!

Read Next

АН-аас энэ сонгуульд нэр дэвших магадлалтай залуус

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *