Хэрэв хууль байгаагүй бол… 1

Өглөө гэрээсээ гараад гудамжинд алхаж байна гэж төсөөлөөд үзье. Замын хөдөлгөөний дүрэм гэж байхгүй. Улаан гэрэл ассан ч хэн ч зогсох шаардлагагүй, жолооч хүссэнээрээ давхина, явган зорчигч хүссэн газраараа зам хөндлөн гарна. Хэн нь давуу эрхтэй, хэн нь зам тавьж өгөх ёстойг хэн ч мэдэхгүй. Сургуульдаа очиход мөн л дүрэм алга. Хэн хүссэн нь хичээл дээрээ орилж, хэн нэгэн бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч, өөр нэг нь найзыгаа доромжилж, дээрэлхэж байхад үүнийг зогсоох, хамгаалах тодорхой зохицуулалт байхгүй. Дэлгүүрт орж бараа авлаа гэхэд төлсөн мөнгөнийхөө хариуд бараагаа авах эрх тань баталгаагүй. Байр худалдаж авсан ч маргааш нь өөр хүн “Энэ байр минийх” гэж хэлэхэд хэнийх болохыг тогтоох нийтээр хүлээн зөвшөөрсөн журам байхгүй. Хэн нэгэнд мөнгө зээлүүлээд буцааж авч чадахгүй болсон ч таны эрхийг хамгаалж, маргааныг шийдвэрлэх тогтолцоо байхгүй. Ийм нийгмийг төсөөлөхөд л хууль гэдэг бидний өдөр бүр анзаардаггүй боловч амьдралын бараг бүх харилцааны цаана байдаг ямар чухал зүйл болох нь ойлгогдоно.

Бид “хууль” гэхээр ихэвчлэн болохгүй зүйл, хориг, шийтгэл гэсэн ойлголтыг түрүүлж боддог. Гэвч хууль зөвхөн “чи үүнийг хийж болохгүй” гэж хэлдэг зүйл биш. Харин “чи ийм эрхтэй”, “чи ийм үүрэгтэй”, “бусад хүн чиний эрхийг ингэж зөрчиж болохгүй”, “чиний эрх зөрчигдвөл чи ингэж хамгаалуулж болно” гэж хэлдэг хамгаалалтын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл хууль хүнийг зөвхөн хязгаарладаггүй, бас хамгаалдаг. Бидний өмчийг, хөдөлмөрийг, гэрээг, нэр төрийг, хувийн нууцыг, хүүхдийн эрхийг, аюулгүй байдлыг, шударга харилцааг хамгаалах олон зохицуулалт бидний өдөр тутмын амьдралд чимээгүй үйлчилж байдаг.

Та олон жил хөдөлмөрлөж мөнгө хуримтлуулаад байр худалдаж авлаа гэж бодъё. Маргааш нь хэн нэгэн ирээд “Энэ байр одоо минийх” гэж хэллээ. Та “Би худалдаж авсан” гэж хэлнэ. Нөгөө хүн ч мөн адил өөрийнх гэж маргана. Хэрэв өмчийн эрхийг хамгаалах хууль, бүртгэл, гэрээ, маргаан шийдвэрлэх тогтолцоо байхгүй бол хэн нь үнэн ярьж байгааг хүчээр шийдэхээс өөр аргагүй болж мэднэ. Үүнтэй адил хүнтэй гэрээ байгуулж, мөнгөө өгөөд тохирсон зүйлээ авч чадаагүй үед гэрээний харилцааг хамгаалах эрх зүйн орчин байхгүй бол бидний хоорондын итгэлцэл маш амархан алдагдана. Тиймээс хууль гэдэг зөвхөн шүүхийн танхимд яригддаг зүйл биш, бидний ажиллаж, худалдаж авч, зарж, түрээсэлж, гэрээ байгуулж, хөрөнгө эзэмшиж, гэр бүл болж, хүүхдээ өсгөж, цахим орчинд харилцаж байгаа бүхний цаана оршдог.

Хүүхдийн амьдрал ч үүнээс тусдаа биш. Хүүхэд аюулгүй орчинд байх эрхтэй, боловсрол эзэмших эрхтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалагдах эрхтэй. Сургууль дээрээ дээрэлхүүлсэн хүүхэд “Би яах ёстой вэ?”, “Хэнд хэлэх вэ?”, “Намайг хэн хамгаалах вэ?” гэдгээ мэддэг байх нь өөрөө хуулийн боловсролын нэг хэсэг. Хэн нэгэн хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч цахим орчинд нийтэлбэл, доромжилсон мэдээлэл тараавал, нууц үгийг нь ашиглавал энэ нь зүгээр л “интернэтийн тоглоом” биш гэдгийг хүүхэд ойлгох хэрэгтэй. Цахим орчин бол хууль үйлчилдэггүй тусдаа ертөнц биш. Бодит амьдралд хүний эрх байдаг шиг цахим орчинд ч хүний эрх бий.

Гэхдээ энд нэг чухал асуулт гарч ирнэ. Хэрэв хууль байгаа ч иргэн түүнийг мэдэхгүй бол яах вэ? Хууль номонд бичээстэй, төрийн байгууллагын цахим хуудсанд байрласан, хуульчид түүнийг мэддэг байж болно. Гэвч жирийн иргэн “Миний эрх юу вэ?”, “Надад ямар үүрэг байгаа вэ?”, “Эрх маань зөрчигдвөл хаана хандах вэ?”, “Ямар баримт хэрэгтэй вэ?”, “Ямар хугацаанд гомдол гаргах вэ?” гэдгээ мэдэхгүй бол хууль бодит амьдрал дээр хэрхэн хамгаалалт болох вэ? Тиймээс хууль батлах нь төгсгөл биш. Харин хуулийг иргэдэд ойлгомжтой хэлээр тайлбарлаж, амьдралын бодит нөхцөлтэй холбож өгөх нь түүнээс дутахгүй чухал ажил юм.

Ялангуяа хүүхдэд хуулийг цээжлүүлэх гэж оролдохоос илүү ойлгуулах хэрэгтэй. “Энэ хуулийн тэддүгээр зүйл ийм байна” гэж эхлэхийн оронд “Чиний найз чиний зургийг зөвшөөрөлгүй нийтэлчихвэл чи яах вэ?”, “Хэн нэгэн чиний эд зүйлийг зөвшөөрөлгүй авбал яах вэ?”, “Сургууль дээр чамайг дээрэлхвэл хэнд хандах вэ?”, “Чи өөрийн үзэл бодлоо хэлэх эрхтэй юу?”, “Өөрийн эрхээ хамгаалахдаа бусдын эрхийг зөрчиж болох уу?” гэж асуух нь илүү үр дүнтэй. Хүүхэд эхлээд бодно, дараа нь сонголт хийнэ, өөрийн шийдвэрээ тайлбарлана, тэгээд тэр асуудалтай холбоотой хууль, дүрмийн утгыг ойлгоно. Ингэж сурсан мэдлэг нь цээжилсэн заалтаас илүү удаан хугацаанд үлддэг.

admin

Read Previous

ЕБС-ийн сурагчдад хуулийг заах 20 сонирхолтой тоглоом, кейс, дасгал – 6

Read Next

Хэрэв хууль байгаагүй бол… 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *