БАРИМТ: С.Эрдэнийг сайд, Ц.Уртнасанг НДЕГ-ын дарга байхад гарсан архив устгагдсан болон журам зөрчсөн үйлдлүүд

Даатгалын сангийн мөнгөн хөрөнгөтэй холбоотой маргаан дахин олны анхааралд орж ирэв. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга Ч.Чулуунчимэгтэй хамт АТГ-аас саатуулсан юм. 

Уг баривчилгаатай холбоотойгоор тун удалгүй АН-ын зүгээс мэдээлэл хийж дээрх хүмүүсийг МАН-ынхан сонгууль дөхсөн тул захиалгаар барьлаа хэмээн мэдэгдэл хийв. Чухам юуны учир ийнхүү АН-ынхан шуурхай хөдлөв. Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд Ч.Чулуунчимэг нь сая баривчлагдах хүртлээ АН-ын санхүүгийн албаны даргын албыг тус тус хашиж байв.

Тиймээс АТГ-аас явуулсан уг баривчилгаа АН-д төдийгүй намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэд хүндээр туссан нь бололтой.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ынхан хэвлэлийн хурлын үеэрээ “2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэж байна. Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтан хариуцлага тохоож болохгүй”  хэмээсэн.Тэгвэл үнэн баримтыг сөхөж, НДЕГ-ын албан ёсны мэдээллийг “ухаж” 2012-2016 хүртэл Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөр С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан хэрхэн тоглож ирсэн талаарх баримтыг албан ёсны эх сурвалжтайгаар хүргэж байна.

БАРИМТ 1:  2012-2016 хүртэлх НДС-гийн мөнгөн орлогын хүү 253.2 тэрбум байсныг 2016-2019 онд 342,8 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлжээ

Арилжааны банкуудад 2013-2016 онуудад байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 253.2 тэрбум төгрөг байсан бол 2016-2019 онуудад 342,8 тэрбум төгрөг болж /эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 2018, 2019 он ороогүй/, 35.3 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангийн статистик үзүүлэлтээс харахад хүүгийн орлого жил бүр нэмэгдсэн байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 5.2 тэрбум төгрөг байршуулж байсан бол 2013 онд 126.3 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, 2015 онд 238.0 тэрбум төгрөг болсон байна. Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2012 оноос 2013 онд 4, 2014 онд 6.6, 2015 онд 7.5, 2016 онд 7.1 дахин тус тус нэмэгджээ.

БАРИМТ 2: 2014 онд НДҮЗ-ийн тогтоолоор активын хувь хэмжээг нэмэгдүүлж давуу тал бүрдүүлжээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас  арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүйгээр байсныг НДҮЗ-ийн  2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлэн өөрчилжээ. 

Тухайн үед Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь тус банкны нийт активын 21.7 хувьд хүрсэн байсан ба  2016 оны 07 дугаар сард 26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн байсан.

БАРИМТ 3: 2016 оны сонгуулийн өмнө журмын заалтуудыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргав

Гэтэл 2016 оны 05 дугаар сард /Улсын их хурлын сонгуулийн өмнө/ дээрх 3 үзүүлэлтийн дундаж 12.8%, Монголбанкны бодлогын хүү 10.5% байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хамгийн бага байх ёстой хэмжээнээс 3.8 хувиар бууруулан 9.0%-аар тогтоон, өмнө байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 9.0 хувь болгон бууруулан өөрчилж, журмын заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй  07 дугаар сард /УИХ-ын сонгуулийн дараа/ 2016, 2017 онуудад хугацаа дуусах байсан 61.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар буюу 2018 оны 07 сар хүртэл хугацаагаар сунгаж, 15.0 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байна.

БАРИМТ 4: 2013-2016 онуудад тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан

Монголбанкны санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангасан банкинд байршуулах ёстой боловч 2013-2016 онуудад Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан байна.

БАРИМТ 5: 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан байна

Хамгийн ноцтой баримт бол энэ. Журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга зөвшөөрөл өгч гэрээ байгуулах ёстой боловч 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан байна.

БАРИМТ 6: 2016 оны 12 дугаар сард шинээр томилогдсон НДҮ хадгаламжийн хүүг 15.0 хувь болгож нэмэгдүүлсэн

2016 оны 12 дугаар сард шинээр томилогдсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас багагүй байхаар тогтоон, тухайн үед хугацаа дуусаагүй байсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 15.0-15.5 хувь болгон нэмэгдүүлж, 2 жилээр байгуулсан гэрээний хугацааг 1 жил болгон өөрчилсөн болно.

БАРИМТ 7: Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангахгүй байгааг 2016 оны 08 дугаар сард илрүүлсэн

Капитал банк нь Банкны  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт ”… хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус зөрчиж зарлагын гүйлгээ хийхгүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангахгүй байгааг 2016 оны 08 дугаар сард илрүүлсэн.

БАРИМТ 8: 2016 оны 8 дугаар сараас хойш “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгаагүй

Тус газар нь 2016 оны наймдугаар сараас хойш хугацаанд Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй хадгаламжийн данснаас харилцах дансанд шилжигдэж байсан болно.

admin

Read Previous

ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ, ХДХВ-ТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ, АНГАРАГ ГАРИГ ДЭЭРХ ДАЛБАА

Read Next

CORONAVIRUS: Буузаа хийх нь таны эрх ч, бусдыгаа ХАМГААЛАХ бас таны үүрэг тул “Цагаан сар” тэмдэглэхээс татгалзъя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *