АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт “Улс орны нөхцөл байдлын тухай” илтгэлээ Конгрессын Сенат болон төлөөлөгчдийн Танхимд тавьсан. Америкийн лидер олон улсын харилцаа, сансар, эрүүлийг хамгаалах болон эдийн засгийн талаар өгүүлэв. Түүний хэлсэн үгийн гол санаанаас хүргэе.
Гадаад бодлого
- Иран улс цөмийн зэвсэгтэй болох оролдлогоосоо татгалзах, алан хядлага, үхэл зовлон, сүйтгэн бусниулахыг дэлгэрүүлэхээ зогсоох ёстой. Хэрвээ энэ бүгдийг биелүүлэх аваас Вашингтон маш богино хугацаанд Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалж, эдийн засагт нь туслаж болох юм.
- Алагдсан генерал Касем Сулеймани бол Ираны дэглэмийн хамгийн харгис махчин байсан. Дэлхийн гол алан хядагчийн хувьд тэр Ирак дахь мянга мянган цэргийн алба хаагчдыг болон тоо томшгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхэд багачуудыг алан хядаж, шархдуулсан буруутан мөн.
- Исламын улсын Халифат (ИУ, ОХУ-д хориглосон алан хядагч байгууллага) 100 хувь устсан, түүнийг үүсгэн байгуулагч, лидер цуст алан хядагч аль Багдади үхсэн.
- Америкийн хувьд хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа дайныг эцэс болгохын тулд Афганистанаас цэргээ гаргахаар АНУ ажиллаж байна. Энэ улс орон гайхалтай дэвшилд хүрэхэд АНУ-ын цэргийнхний шийдэмгий үйл ажиллагаа тус нэмэр үзүүлсэн бөгөөд энхийн хэлэлцээ үргэлжилж байна.
- Палестин-Израилын зөрчлийг гэтлэн давахын тулд дэлхийн хамтын нийгэмлэгт бүтээлч хандлага хэрэгтэй байна. Бүс нутгийн сая сая залууст илүү гэрэлт саруул ирээдүйд амьдрах боломж хэрэгтэй байна.
- Венесуэл, Никарагуа болон Кубад ардчиллыг сэргээхийг АНУ эрмэлзэж байна.“Социалист дарангуйлагчийн эсрэг чиглэсэн 59 улсаас бүрдсэн дипломат эвслийг Вашингтон тэргүүлж байгаа болохоор Мадурогийн эзэрхэг засаг нуран унаж, дарагдах болно.
Эдийн засаг
- Хятад улс олон арван жилийн турш АНУ-ыг ашигласаар ирсэн бөгөөд төгсгөлд нь худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг байгуулснаар үүнд цэг тавив. Одоо хоёр орны харилцаа оршин тогтносон бүхий л хугацааны туршид илүү сайн болсон.
- Умард америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай Канад, Мексик улстай шинэчлэн байгуулсан хэлэлцээр (NAFTA) одоо USMCA нэртэй болсон бөгөөд бараг 100 мянган ажлын байр шинээр бий болгож, америкийн фермер, заводын ажилчдын хувьд экспортын боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
- Эдийн засгийн уналтын он жилүүд дууссан. АНУ-ын арми бүрэн шинэчлэгдсэн, хил хязгаараа хамгаалсан, гэр бүл цэцэглэн хөгжиж байна.
- Трамп болон түүний засаг захиргааны явуулж байгаа бодлого цэнхэр захтнуудын эдийн засаг сэргэн мандахад хүргэлээ. Улс орон даяар долоог сая шинэ ажлын байр бий болж, ажилгүйдлийн төвшин улс орны түүхэн дэх бүхий л засаг захиргааны хувьд хамгийн доод төвшинд хүрч, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд 70 гаруй хувиар өслөө.
- Америкийн Нэгдсэн улс газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч дэлхийн хамгийн гол улс орон боллоо. Улс орон маань эрчим хүчний хувьд бүрэн хамааралгүй болж, энэ салбарын ажлын байрны тоо эрс нэмэгдлээ.
Дотоод бодлого
- Арван жилийн эцэс гэхэд АНУ өөрийн улс оронд ХДХВ-ийн халдварыг ялан дийлэх болно. Америкийн эмч нар эрүүлийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, мөн хүүхдийн хорт хавдрын өвчнийг анагаах шинэ эмийг эрэн сурвалжилж байна.
- Өвчтөн тусламж авахад нь эрүүл мэндийн данс саад тотгор болох ёсгүй, тийм учраас Трамп эмнэлгийн үйлчилгээний үнийг ил тод дэлгэн харуулахыг шаардсан зарлигт гарын үсэг зурсан. 51 жилийн хугацаанд анх удаа жороор олгох эмийн үнэ 2019 онд буурсан. Үүний хамт иргэдийн эрүүл мэндээр ашиг хонжоо олж, хувийн даатгалыг цуцлах гэсэн хүмүүс улс оронд бас бий. Ерөнхийлөгчийн засаг захиргаа Америкийн эрүүлийг хамгаалахыг сүйтгэж нураах боломжийг социализмд олгохгүй.
- Коронавирусээс иргэдээ хамгаалахын тулд АНУ-ын эрх баригчид шаардлагатай бүхнийг хийж байна. Америкийн мэргэжилтнүүд хятадын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, өөрсдийн үйлдлийг уялдуулан зохицуулж байна.
- Улсын өмнөд хил дээр аварга том, өндөр ханын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Аль хэдийнэ 150 гаруй км ханан хаалтыг барьж босгосон бөгөөд ирэх жил 800 гаруй км-т хана барьж босгоно.
- Сарны гадарга дээр анхны эмэгтэй астронавт буулгаж, Ангараг гариг дээр өөрийнхөө далбааг мандуулсан анхны улс бол АНУ байх болно. Конгресс сансрын Artemis хөтөлбөрийг бүрэн дүүрэн санхүүжүүлэх аваас энэ бүхэн биелэх болно.
- Хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд Америк болон бүх дэлхий даяар мод тарьж ургуулах Засгийн газрын болон хувийн секторынхны хүчин чармайлтыг нэгтгэх “Нэг тэрбум мод” санаачилгад АНУ нэгдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин