Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа.
“Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Халайст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана” гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэв.
Дараа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээр очиж, борлуулагч нарын санал сэтгэгдлийг сонсож, түлшний борлуулалт, хадгалалт, савлалт ямар шатанд хийгдэж байгаатай танилцсан юм. Борлуулах цэгийн борлуулагч Т.Мандах “Манай борлуулах цэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, савлагаа, борлуулалтаа хийж байна. 10 тонн сайжруулсан шахмал түлш буусан байна. Өдөрт 2 тонныг савлана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдрийн байдлаар 230 борлуулалтын цэг байгуулагдсан байна. Өдөрт бид борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдтэй нэмж, гэрээ байгуулж байна. Өнөөдөр гэхэд 85 иргэнтэй дахин гэрээ байгууллаа. Одоогийн байдлаар 150 орчим цэгт түлш түгээгдсэн. Тээвэрлэлтийн ажлыг өшөө эрчимжүүлэх шаардлагатай байгаа учраас шөнийн тээвэрлэлтийг эхэлж байна. Мөн борлуулалтын цэгүүдээ илүү эрчимтэй байгуулах талд шахаж ажиллаж байна. Бид энэ долоо хоногоос сайжруулсан шахмал түлшнийг худалдаж авах “Сайн” картыг тарааж эхэлнэ” гээд сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг хангамжийн бааз болон борлуулалтын цэгүүдийн хамт олноос хүсээд агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтарч ажиллахыг хүссэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс