Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод очжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох гэж байна. Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.