Финландын ерөнхий сайд Санна Мариний нам сонгуульд ялагдав

Ням гарагт Финландад болсон сонгууль маш өрсөлдөөнтэй болж, улс төрийн гурван нам тун ойролцоо санал авчээ.

Сонгуульд одоогийн ерөнхий сайд Санна Мариний социал демократ нам парламентын суудлаа гурваар ахиулж, 19.9 хувийн санал авч чадсан ч гуравдугаар байранд жагссан байна.

Харин баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний Эвслийн Нам 20.8 хувийн саналаар парламентад хамгийн олон суудал авчээ.

20.1 хувийн санал авсан үндсэрхэг үзэлтэй Финнчүүд нам дэд байранд жагссан байна.

Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Санна Марин “Сонгуульд ялсан Үндэсний Эвслийн Намд баяр хүргэе. Финнчүүд намд нас баяр хүргэе. Ардчилал сонголтоо хийлээ” гэж мэдэгджээ.

Сүүлийн өдрүүдэд явуулсан судалгаагаар дээрх гурван намын рэйтинг тун ойролцоо түвшинд байсан юм.

“Финландын иргэд өөрчлөлтийг хүсэж байна. Би одоо бусад намуудтай яриа хэлэлцээ эхлүүлэх болно” гэж Үндэсний Эвслийн Намын дарга Петтери Орпо мэдэгджээ.

Хэрвээ намууд тохиролцоонд хүрч чадвал 53 настай Орпо шинэ ерөнхий сайд болох юм.

Одоо 37 настай Санна Марин 2019 онд дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болж байв. Тэрбээр дан эмэгтэй дарга нартай таван намын эвслийг байгуулж байжээ.

Санна Марин нь улс орноо НАТО-д элсүүлэх алхмыг хийж, хөрш Орос улсын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнд шийдэмгий байр суурь баримталж байв. Финландын гол намууд бүгд НАТО-д элсэхийг дэмжиж байлаа.

Гэхдээ энэ удаагийн сонгуульд Финландын эдийн засаг, өрийн нөхцөл байдал шийдвэрлэх асуудал болжээ.

Санна Марин нь бас залуу хүнийхээ хувьд Финландын нийгмийг талцуулах үйлдэл хэд хэдэн удаа гаргаж байв.

Тухайлбал түүний найз нөхөдтэйгээ ууж наргиж, дуулж бүжиглэж буйг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд тарсан нь хүмүүсийн дунд маргаан дэгдээж байжээ.

Гэхдээ Финландын шинэ эвслийн засгийн газар Европтой ойртож нягтрах гадаад бодлогоо хэвээр хадгалж, улс орныхоо эдийн засгийн асуудалд илүү их анхаарал хандуулах төлөвтэй байна.

Финландын 200 суудалтай парламентад 100-аас дээш хувийн суудал авсан улс төрийн хүчин дангаараа засгийн газар байгуулдаг.

Одоо ноён Орпод нэг бол үндсэрхэг үзэлт Финнчүүд намтай эвсэх, эсвэл Санна Мариний Социал Демократ намтай эвсэх хоёр сонголт бий.

Ажиглагчид түүнийг улс төрийн туршлага багатай Финнчүүдтэй биш, харин одоогийн эрх баригч социал демократуудтай эвсэх өндөр магадлалтай гэж үзэж байна.

admin

Read Previous

Ган гачигт хүндээр нэрвэгдсэн Тунис улс шөнийн цагаар иргэдийнхээ усны хангамжийг тасалдаг болов

Read Next

Хүн ам нь хөгширч буй Япон улсад нэг дунд сургууль сүүлчийн хоёр сурагчаа төгсгөөд хаалгаа барьжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *