Р.Болд: Хоёр хөршийн бодлого үндсэндээ манай гуравдагч хөршийн бодлогыг таслан зогсоох, сулруулахад л чиглэж байна

Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчин, хэтийн төлөвийн талаар түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Р.Болд МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” сувгийн “Алтан аргамж” нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцох үеэрээ байр сууриа илэрхийлэн ярьжээ. 

Ийнхүү В.Ариунчимэг тоймчийн бэлтгэсэн нэвтрүүлгийн үеэр ярьсан түүний байр сууриас онцлох санааг түүвэрлэн хүргэж байна.



  • Аливаа улсын гадаад орчин нөхцөл байдал нь тухайн улсын оршин тогтнох, эс оршихыг шийдүүлэх нөлөө үзүүлдэг хүчин зүйл.
  • Өнөөдөр бид үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломат байдлаар хангахад тэргүүлэх ач холбогдол өгч байна. Гэхдээ гадаад орчин нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс хамаараад энэ арга хэрэгсэлд нэмэгдэх бусад арга хэрэгсэл бий болохыг үгүйсгэхгүй.
  • Том гүрний нөмөр нөөлөгт багтаж амьдрах нь жижиг улсын бас нэгэн хувь заяа. Тэр том улсыг дагаж, бодлогыг нь дэмжиж байж тусламжийг нь хүртэнэ. Бид буцалтгүй тусламжийг олон жилийн турш хүртсэн. Гэхдээ буцалтгүй тусламж гэж үзэх үү гэвэл бас асуудалтай. Мөнгөөр бид төлөхгүй боловч тухайн том гүрний хэлснийг нь заавал дагах ёстой байдаг. Энэ нь  үндсэндээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгаа ашиглуулах гэх мэт бүх юмаа хязгаарлуулж буй хэрэг. Энэ бол том төлөөс байсан.
  • Бид 1990 оноос хойш гадаад бодлого хэрэгжүүлэх шинэ тогтолцоонд шилжсэн. Гэвч одоог хүртэлх хугацаанд би Монголын гадаад орчин нөхцөл байдалд айхавтар өөрчлөлтийг би хувьдаа олж харахгүй байгаа.
  • Бид ирээдүйгээ бодох ёстой. Энэ үүднээс хоёр хөрштэйгөө ач холбогдол өгч харилцах нь зайлшгүй зүйл. Гэхдээ бодолтой болгоомжтой харьцах ёстой. Манай Ерөнхий сайд өмнөд хөршийн санал болгосон “Хөгжлийн галт тэргэнд сууя” гэдэг саналыг нь хүлээж авсан. Хөгжлийн галт тэргэнд суугаад хамтдаа урагшилъя гэдгээ тохирсон. Гэхдээ бид тэр галт тэргэнд суучхаад хэзээ ямар буудал дээр буухаа тооцох ёстой. Өөр галт тэргэнд суугаад нэг зүгт явахгүй нь лавтай.
  • Аливаа улсын газар зүйн байршил тухайн улсын гадаад орчин нөхцөлийг тодорхойлоход чухал нөлөөтэйгөөр барахгүй зарим үед шийдвэрлэх үүрэгтэй байдаг.Нэгт, бид хоёрхон хөрштэй, энэ хөршөө даваа даваад хаашаа явах билээ. Энэ хоёр хөрштэйгөө л сайн байвал бүх юм сайхан болно гэдэг үзэл нь онолын хувьд газар зүйн гутрангуй үзлийн онол. Хэрэв энэ үзэл баримтлалаараа явбал бид Москвагийн дагуу үлээсэн шүглийн дор амьдарна. Эсвэл Бээжингийн уяаны нохой болно. Хоёрт, нөгөө нэг хандлага нь өөрийнхөө газар зүйн байршлыг хэрэгтэй үедээ өөртөө давуу байдал бий болгохын тулд ашиглах хэрэгтэй. Энэ бол өөдрөг үзэл. Тийм учраас гуравдагч хөршийн бодлого гарч ирж байгаа юм. Нэрт зохиолчийн нэрт өгүүллэгт дурдсанчлан хэрэв бид газарзүйн гутранги үзлийнонолыг баримтлах юм бол эхнэрээсээ өөр хүн таньдаггүй, зэлнээсээ цааш гарч үзээгүй хүн болно. Хэрэв газарзүйн байрлалаа өөрт ашигтай байрлалаар хэрэглэе гэх юм бол бидний үндэсний аюулгүй байдал, гадаад аюулгүй байдал бэхэжнэ.
  • Ямар ч цөмийн зэвсгээс хүчтэй ёс суртахууны том хүчин зүйл нь тэнцвэр барих. Энэ бол либерал бодлого. Гэтэл хойд хөршид өрнөдийн үе төгсгөл боллоо гэсэн мэдэгдлийг хийж байна. тэгэхээр нөхцөл байдал амаргүй байна.
  • Том гүрний араншин нь амьдрах орон зайгаа бүхий л чиглэлээр яаж ийгээд л тэлж томсгох санаатай.
  • Хоёр хөрш зохицсон зохицоогүй нийлээд манай улсын гуравдагч хөршийн бодлогыг үндсэндээ саармагжуулчихлаа. Хил залгаа хоёр гүрэн бол гуравдагч хөршийн бодлогыг саармагжуулах байтугай арилгах гэсэн бодлого нь ил тод харагдаж байна. Жишээлбэл, бид уг нь бие биеийнхээ дотоод хэрэгт оролцохгүй зарчмаар хоёр талынхаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон улсууд. Ойрын жишээ авахад, нэгдүгээрт, Улаанбаатар-Дарханы зам гээд их ярилаа. Анх тендер манай засгийн газраас зарлагадахад санхүүжүүлэх мөнгө нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас гарсан. Харин хэрэгжүүлэгч нь гол төлөв Урд айлын компаниуд шалгарсан. Хэдэн жилийн туршид Улаанбаатар-Дарханыг холбосон стратегийн ач холбогдолтой зам боогдсон нь зориудын бодлого үйл ажиллагааны үр дагавар биш үү. Хоёрдугаарт 10 жилийн өмнө манай хэвлэл мэдээллээр хөрш хөршийн дотоод бодлого, гадаад бодлогын талаар харьцангуй нээлттэй материал их нийтэлдэг байлаа. Гэтэл сүүлийн 3-4 жилийн байдлаар харахад БНХАУ-ын бодлого үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл, шүүмж манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахгүй байгаа.
  • Бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахдаа арай өөр нүдээр харах цаг ирсэн.
  • Бидэнд өнөөдөр хэн их анхаарал тавьж, хэн их сонирхож байна гэвэл БНХАУ, ОХУ л байна. Бусад улсаас манай улсад тавьж байгаа анхаарал нь “Халамж”.
  • Орос, Хятадын харилцаа гэдэг нь хэтийн төлөвтөө дэлхийн хөгжил, улсын аюулгүй байдал хаашаа эргэхийг тодорхойлдог хүчин зүйл байх болно. Харамсалтай нь манайд Хятад эсвэл Оросыг судалдаг судлаач, судалгааны байгууллага, судалгааны үр дүн тоймтой харагдахгүй байгаа. Бидэнд өнөөдөр ӨМӨЗО-ны эдийн засгийг судалдаг мэргэшсэн судлаач, ОХУ-ын алс дорнодыг судалдаг мэргэшсэн эдийн засагч хэрэгтэй гэх мэт.
  • Бидний түүхэнд толбо болж үлдсэн нэг асуудлыг одоо заавал шийдэх ёстой. Энэ нь 1919 онд Монголын автономит засгийг түлхэн унагахад өмнөх урьтаж нөхцөл нь ямар байсан гэх. Өөрөөр хэлбэл би хувьдаа өнөөдрийн гадаад нөхцөл байдлыг 1918, 1919 оны нөхцөл байдалтай төстэй гэж харьцуулж хэлдэг. Манай түүхэнд одоо хүртэл бид Дундад иргэн улсын цэрэг Монголыг түрэмгийлэн эзлээд, автономит засгийг халж, харгис дэглэм тогтоолоо гэж ярьдаг. Баримтаас үзвэл Монголын Засгийн газар 1918 онд өөрсдөө дундад иргэн улсын цэргийг урьж ирүүлсэн, дахин 1919 онд хоёр дахь удаагаа дахин ирэхийг зөвшөөрсөн байна. Цэргээ оруулж буй гадаад улсын цаад углуурга нь цэргээ нэмэгдүүлсээр байгаад бие даасан засаг төрийг нь түлхэж унагаад, дараа нь өөрсдийн бүрэлдэхүүндээ оруулна гэсэн бодолтой л байсан. Бид үүнийг  өөрсдөө л өөхшүүлж хийсэн.  Дундад иргэн улсаас их хэмжээний зээл авсан, шан харамж авсан, нэртэй ноёд 1920-оод оны эхээр бүгд Бээжинд танилцах аялал хийсэн гэх мэт. Өнөөдөр нөхцөл байдал ерөнхийдөө л тийм байна.
  • Зөвлөлт, Хятад хоёр Монголын хувь заяаг ямагт шийдэж ирсэн тэр нөхцөл байдлыг яаж арилгах вэ гэдэг нь Монголын удирдагч нарын толгойн өвчин байсан. Энэ бодол одоо ч манай удирдагч нарын толгойд тээглэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
  • 1945 онд Зөвлөлт, Хятад хоёр эцсийн дүндээ хоорондоо Москвад болсон яриа хэлэлцээний явцад ярьж байж Монголын тусгаар тогтнолыг шийдвэрлэсэн. Үүнд хүргэсэн нэг гол хүчин зүйл нь Монголчуудын тэмцэл байсныг заавал хэлэх ёстой. тэр харанхуй үед бид гуравдагч хөрштэй болох гэсэн оролдлогоо хийж байж.
  • Бид 1990 оноос хойш олон тулгууртай, нээлттэй байя, дэлхийн бүх улстай найрсаг харилцаатай байя гээд гадаад бодлогын цоо шинэ зарчмыг сонгосон. Өнөөдөр гадаад бодлогын энэ тууштай зарчмууд хэрэгжиж буй эсэхийг эргэж бодох ёстой. Зорилго, арга хэрэгслийн хооронд зөрүү маш их бий. Энэ зөрүүг манай улстөрчид, бодлого төлөвлөгчид бодохгүй байна гэдгийг хөршүүд анзаараад, бидний сул талыг их ашиглаж байна.
  • Хоёр хөрш үндсэндээ олон улсын нэг нэг туйл болсон. Хүчний тэнцвэр өөрчлөгдсөн. Бид жижиг улс ч хүчний тэнцвэр барих нэг хүчин зүйл байгаа. Монгол бол ардчилсан улс, эрх чөлөөт улс. Энэ зарчим бол манай улсын хоёр хөрштэй тэнцвэр барих гол зэвсэг.
  • Монголоор дамжсан хоёр улсыг холбосон хийн хоолой тавих асуудал бол 1990 оны дундаас тавигдаж байсан асуудал. Тэр үед бид арай өөр бодлоготой байсан. өөрөөр хэлбэл гуравдагч хөршийн эдийн засгийн ашиг сонирхлыг Монголд бий болгохын тулд бусад улсын томоохон компаниудтай тохиролцоо хийж хийн хоолойг тавиулах чиг бодлоготой байсан. Энийг үнэртсэн хоёр хөрш маань бодлогоо өөрчлөөд хийн хоолойг Монголоор дайруулахгүй тойрч өнгөрөх бодлогод хэдий өртөг өндөр байсан ч шилжсэн. Үүнийг санагалзах ёстой.
  • Монголын газар нутгаар дамжуулан хийн хоолойг тавихад хийг бол ашиглахгүй гэж байгаа. Хийн хоолойг нь нутаг дэвсгэр дээрээ дамжуулаад цааш өнгөрүүлнэ. Хийн хоолойн аюулгүй байдлын үр дагавар, улс хоорондын харилцааны үр дагаврыг тооцсон иж бүрэн судалгаа манайд одоогоор хийгдээгүй. Нөгөө талаас БНХАУ-ын бодлого энэ үед их өөрчлөгдсөн. Эхний үед бидний хүссэн гуйсан бүхнийг өгдөг байв. Харин 2003 оноос эхлээд БНХАУ-ын манайд хандах хандлага нь төсөл төлөвлөгөөнд тулгуурлаж ирсэн. Ингээд ид хөндлөн гулдгүй судлагдлаа.
  • 2015 оны Орос, Хятад, Монголын гурван талт уулзалтаас хойш хоёр хөршийн манайд хандах хандлага бүр чангарсан.Хоёр хөрш улсын бодлого үндсэндээ манай гуравдагч хөршийн бодлогыг таслан зогсоох, сулруулахад л чиглэж байгаа.
  • Манай улс хоёр хөрштэйгөө харилцахдаа гуравдагч хөршийнхөө бодлогыг зөв ойлгуулах ёстой. Энэ дээр бид алдаа хийсэн болов уу гэж бодож байна. Бид худалдаа эдийн засгаа давамгай хөгжүүлнэ, манай хөгжилд хэрэгтэй гэсэн байр сууриа байнга ойлгуулж, давтаж хэлэх ёстой. Ийм үйлдлийг хангалтгүй хийж ирсэн нь хоёр хөршид буруу ойлголт төрүүлж ирсэн.
  • Олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн улмаас биднээс үл шалтгаалах тусгаарлагдсан байдалд орох эрсдэл байна. Үүнд болгоомжилсон уян хатан бодлого, заримдаа эрсдэлийг ашигласан бодлого явуулах ёстой. Эрсдэлийг ашиглана гэдэг бол гадаад бодлогын тактик алхам мөн. Ингэхдээ зүрх зориг, зорилго чиглэл, заль бас  ухаан байх ёстой. Эцсийн эцэст Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байх ёстой.

admin

Read Previous

Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа

Read Next

Харвардын манлайлагчийн хөтөлбөрт залуу эмч нарыг хамруулж, бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүч ба ариун цэврийн байгууламж, халуун устай болгоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *