Өмнөд Солонгос, Саудын Араб улсууд нийт $74 тэрбумын дүнтэй хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгууллаа

Өчигдөр Сөүл хотод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар уулзах үеэр талууд нийтдээ $74 тэрбумын дүнтэй бизнесийн гэрээнүүдийг байгуулжээ.

Өөрөөр хэлбэл Саудын Арабын эрх баригчдын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх Vision 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгосын компаниуд өргөн хүрээнд оролцохоор болж байна.

Хунтайж Мохаммед бин Салман энэ долоо хоногийн эхээр Индонезын Бали аралд болсон Их 20-ын бүлгийн дээд чуулганд оролцсоныхоо дараа Лхагва гарагт Сөүл хотод айлчлан ирсэн юм.

Уулзалтын эхэнд Юн Сүк Ёл хэлсэн үгэндээ Саудын Араб улсыг Ойрх Дорнод дахь Өмнөд Солонгосын хамгийн том түнш, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхойлжээ.

Бас Vision 2030 хөтөлбөрийн хүрээнд хоёр улс хамтран ажиллах хамгийн тохиромжтой цаг ирснийг тэр онцолсон байна.

Хунтайж хариу хэлэхдээ Өмнөд Солонгосын компаниуд тус улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсныг сайшаагаад цаашдаа эрчим хүч, батлан хамгаалах, дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Мохаммед бин Салман үүнээс өмнө 2019 онд Сөүлд айлчлахдаа мөн Vision 2030 хөтөлбөрийн хүрээнд хоёр улс хамтран ажиллах боломжийг хэлэлцэж байсан юм.

Саудын Арабын тал хунтайжийн 2017 онд санаачилсан 26,500 хавтгай дөрвөлжин километр талбайтай Neom ухаалаг хотыг Улаан тэнгисийн эрэг дагуу байгуулах төсөлд Өмнөд Солонгосын засгийн газар болон компаниудыг оролцуулах сонирхолтой байна.

Тус улс Vision 2030 хөтөлбөрийнхөө нэг хэсэг болох энэ төсөлд $500 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн юм.

Өчигдөр хоёр улс нийтдээ 100 их наяд воны ($74 тэрбум) дүнтэй 26 харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд $27.6 тэрбум хүрсэн юм.

Ойрх Дорнодын орнуудаас Саудын Араб нь Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш бөгөөд өнгөрсөн онд Өмнөд Солонгосын импортолсон нийт түүхий газрын тосны 29.3 хувийг Саудын Араб нийлүүлжээ.

Эх сурвалж: Korea Times

admin

Read Previous

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт

Read Next

ЦАХИМ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “UNSEND -БҮҮ ШИЛЖҮҮЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *