Нийслэлийн авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг НИТХ-д танилцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 530,975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна. Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрдөгөөс үүдэн тээврийн хэрэгслийн түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилт 2025 он, урт хугацааных 2030 хүртэл байгаа юм. Мастер төлөвлөгөөнд тусгаснаар 2025 онд авто замын сүлжээний нягтрал 38 хувиар, 2030 онд 71 хувиар нэмэгдэх аж. Шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх авто зам, замын байгууламжийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор зорчих хугацааны хэмнэлт жилд 106 тэрбум төгрөг, агаарын бохирдлын бууралт жилд 415 сая төгрөг, шатахууны хэмнэлт жилд 16 тэрбум гэх мэтчилэн тодорхой хэмнэлтүүдийг гаргах боломжтой гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын газрын дарга Ч.Рэгзмаа хэлж байлаа. Энэхүү мастер төлөвлөгөөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, зөвлөхүүдийн хамт гаргасан болохыг мөн дуулгалаа.

Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт 1135,678 км урттай. Хотынхоо төвд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаас үүдэн замын түгжрэл бий болдог. Автомашинжилтын түвшний зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Нийслэлийн хэмжээнд автомашинжилтын түвшин 327 гарсан нь дараах хоёр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318,585 тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Иймд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн, сургуулийн автобусыг үйлчилгээнд ажиллуулж, авто замын хөдөлгөөнд саад учруулах байршилд газар чөлөөлөлт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн авто зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт богино эргэлтийг бий болгох, зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ.  

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж буй хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлэх юм. Холбогдох газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг авч, нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан харьяа газруудын мэдээллийг сонссоны дараагаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг хийснээс хойш хүн ам даруй 10 дахин нэмэгдэж, автомашины тоо бараг 600 мянгад хүрлээ. Эдийн засаг үүнийгээ дагаад өсөөгүй хэдий ч төр засаг, нийслэлийн удирдлагууд асуудлыг хойш тавилгүй ажиллаж байна. Цаашид хотоос гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэддээ мэдээлэл хүргэж, тэдний оролцоотойгоор хамтарч ажиллах нь чухал. Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс нийслэлийн бүх харьяа байгууллагууд авч хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд мэдээллэх хэрэгтэй. Түүнчлэн Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг олон жил боловсруулсан. Одоо НИТХ-д танилцуулж, нийслэлийн төсөвт тодотгол хийх үеэр асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө бол амьдрал хэвийн үргэлжилж явах төлөвлөлт учир үүнийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авна. Авто замын сүлжээний асуудлыг ярихаар замбараагүй газар олгочихсон тохиолдол гардаг. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин гаргаж болохгүй” гэв. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч холбогдох албаныхан бүгд танилцуулсан мэдээллээ нэгтгээд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж ирэх үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

admin

Read Previous

ТЕГ-ЫН ДАРГААР П.ОДОНБААТАРЫГ ТОМИЛЛОО

Read Next

Монголбанк 13.1 тонн алт худалдаж авчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *