“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООСОН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, “Монголросцветмет’’ ХХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

Үүнийг 2019 оны есдүгээр сарын 13-нд дахин зургаан сараар сунгаж, тэр нь 2020 оны гуравдугаар сарын 13-нд дуусгавар болсон.

Улмаар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаас сунгаж тогтоолоор баталгаажуулсан.

Энэ нь  “Эрдэнэт үйлдвэр”, “Монгол­росцветмет”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах,  хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох  асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ хэрэг, маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болсон тухай Засгийн газрын албан мэдээлэлд дурдсан байдаг.

Онцгой дэглэмтэй байсан өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”  ХХК-ийг  2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталсан юм.

Тэгвэл 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дээрх ТӨҮГ /ХХК/-уудад онцгой дэглэмийг дахин зургаан сараар тогтоохоор Засгийн газар шийдэж байх агшинд  Үндсэн хуулийн Цэц үүнийг Үндсэн хуулийн зөрчил болох нөхцлийг бүрдүүлсэн дүгнэлтийг гаргажээ.

Цэцийн дунд суудлын хуралдаан Хан-Уул дүүргийн иргэн Ж.Эрхэмбаатар, Баянгол дүүргийн иргэн Н.Ариунболд, ХУД-ийн иргэн Д.Оросоо,  Налайх дүүргийн иргэн Н.Мөнгөнцацрал, Баянгол дүүргийн иргэн Д.Цэрэнбадам нарын гаргасан “УИХ-аас 1997 оны тавдугаар сарын 1-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ. Үүнээс өмнө гарсан хууль тогтоомжийг хянан шийдвэрлэхгүй. …Одоо үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш …1991 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай зэрэг найман хуулийг одоо болтол УИХ-аас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна. …Энэ нь Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1,  66 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдээллийн дагуу үүссэн маргааныг хэлэлцжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай “Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх. Болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Бага хурлаас Тогтоох нь” гэж байгаад “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай”, “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэж БНМАУ-ын Бага хурлын баталсан хуулийг хэрэглэж дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосонтой холбогдох агуулга бүхий мэдээллийг дээрх нэр бүхий иргэдээс гаргасан байгаа юм.

Энэ асуудлыг Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, илтгэгч гишүүн Ц.Нанзаддорж, гишүүн Г.Туулхүү, Ш.Солонго, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна.

Мэдээллийн талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Цэцэд ирүүлсэн тайлбартаа “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, Цэц нь Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс, түүнд тусгагдсан зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд шийдвэрээ гаргана. Энэ үүднээс Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжид нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй” гэжээ.

Харин Үндсэн хуулийн Цэц энэ маргааныг хянан хэлэлцээд “Мэдэээлэл гаргагчдын мэдээлэлд “…Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэсэн байдаг” гэж дурдсан байна.

Тус агуулгын хүрээнд Цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг.

Харин Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар олгосон үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг хамгаалах үүрэг хүлээнэ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Цэцийн эрх хэмжээг цаг хугацааны хүчин зүйлээр үндэслэлгүй хязгаарлаж, үндэсний эрх зүйн нэгдмэл орон зайг үүсгэсэн байна. Ийнхүү Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарласан байх тул Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг уг хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай гэжээ.

Товчоор хэлэхэд, энэ дүгнэлтээр Үндсэн хуулийн Цэцэд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрх нээгдэж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Цэц маргаан хэлэлцвэл “Үндсэн хуулийн зөрчил” болох нөхцөл бүрдлээ гэсэн үг.

admin

Read Previous

УЛС ТӨРИЙН 5 НАМ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Read Next

Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН НАРЫН ХҮМҮҮСТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЯМАР ШАТАНДАА ЯВАА ВЭ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *