ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрджээ.  Төсөлд: 1. Иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдпыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэх; Сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж нь байх зэргээр нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэх; Аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох зарчмыг тусгажээ. 2. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг шинээр зохицуулсан байна. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байна. Харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох аж. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын “Засаг захиргааны шинжтэй” зарим чиг үүргийг хэрхэн яаж шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоосон байна. 3. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, (ийм төрлийн чиг үүргийг орон нутгийн Хурал бие даан шийдвэрлэх бөгөөд төрөөс үүнд оролцохгүй), түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг оруулжээ. Нөгөө талаас үүргээ биелүүлэхгүй байгаа төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг шат дараатайгаар авахаар нарийвчлан зохицуулсан. Иргэдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, бүлэглэх, улстөржих явдал гаргуулахгүй байх зорилгоор төв засгийн хяналтыг тодруулж Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргах зэрэг арга хэмжээ авах эрхтэй байхаар хуульчилжээ. Гэхдээ нэгдмэл улсын хувьд төв Засгийн газраас нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих нь зүй ёсны хэрэг боловч ингэснээр нутгийн өөрийн удирдлагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Иймээс нутгийн өөрийн удирдлагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулийн механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус, Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ.  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулахаар тогтоожээ. -Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрт нэр заан батлах зарчмыг баталгаажуулсан байна. -Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох” гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэж байхаар тусгасан байна. Эх сурвалж: parliament.mn

admin

Read Previous

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАРАЖУУДЫГ БУУЛГАЖ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАРИНА

Read Next

М.ЭНХСАЙХАНЫГ ЦАГДАН ХОРИЛОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *