Н.Батжин: Зээлийн эргэн төлөлтийн хүндрэлийг харгалзаж, дэмжлэг үзүүлж байна

Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.

-Уг шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаарх мэдээллийг юуны өмнө өгнө үү. Тодруулбал, COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтүүд хэрхэн доголдож байгаа вэ.  Өмнөх оны энэ үетэй харьцуулахад,  байдал ямархуу байна?

-COVID-19-ийн хүрээнд хийгдэж буй хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэд, ажилчдын цалин орлого тасалдаж, улмаар зээлийн үүргээ хугацаандаа төлөх боломжгүйд хүрч, энэ байдал цаашид тодорхой хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.

Өмнөх онуудтай харьцуулахад,  зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтүүд, ялангуяа чанаргүй зээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл шинээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх хандлагатай болсон.

Үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн доголдол үүссэн зээлдэгчдийн зээлийн ангиллыг түр хугацаанд бууруулахгүй байх, зээлийн түүхийг дордуулахгүй байхаар банкуудад мөрдүүлж буй холбогдох журмын нөхцөл шаардлагыг түр хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ аваад байна.  

-Ялангуяа, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оруулсан шийдвэрийн талаарх мэдээллийг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон хүн хэрэглээний зээлээ гурван сараар хоцрооход алданги, торгууль төлөхгүй юм байна. Эсвэл зээлээ төлөхгүй байх бодолтой нэгэн ч байна. Энийг тайлбарлаж өгнө үү?

-Товчхондоо энэхүү арга хэмжээ нь өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш.  Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хугацаанд зээлийн төлөлт доголдох тохиолдолд зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” буюу “Хугацаа хоцролттой” гэж бүртгэхгүйгээр уртасгасан хугацаанд багтаан зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг иргэдэд олгож байгаа.

-Монголбакнаас авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь чухам ямар нөхцөл байдалтай зээлдэгчид хамаарах вэ?  

-Энэ зохицуулалт гарахаас өмнө 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээлтэй байсан зээлдэгчдэд голчлон хамаарч байгаа. Тухайлбал, зохицуулалт үйлчлэх өдрийн байдлаар 30 хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлтэй байгаа иргэний хувьд Зээлийн мэдээллийн санд “Анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэгдэж байсан бол ирэх 60 хоногтоо багтаан хоцроосон зээлээ төлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд “Хэвийн” ангиллаар Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. Нөгөө талаас огт хугацаа хэтрүүлэлгүй зээлээ төлж байгаа зээлдэгчийн хувьд гэрээний дагуу зээлээ төлөх нь зүйтэй. Гэхдээ зохицуулалт үйлчлэх хугацаанд COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид зээлээ хоцроож төлөх нөхцөл үүссэн тохиолдолд зээл хоцорсон өдрөөс эхлэн 90 хоног буюу 3 сарын хугацаанд багтаан зээлээ төлөх тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Хэвийн” буюу сайн ангиллаа хадгалах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тухайн иргэн маань аль цөөн хоногоор зээлийн хугацаагаа хэтрүүлсэн байна, төдий чинээ хоцорсон зээлээ төлөх хугацаа, боломж ихтэй гэж ойлгож болно. Энэхүү зохицуулалт нь хэрэглээний зээлтэй буюу голчлон иргэнд олгосон орон сууц, цалин, тэтгэвэр болон бусад аж ахуйн шинж чанартай санхүүжилтийн зориулалттай зээлтэй зээлдэгчдэд хамаарна.    

-Энэ шийдвэрийн хүрээнд бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тайлбарлаж байсан шүү дээ. Чухам ямар өөрчлөлт хийгдэх бол илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Зээлийн бүтцийг өөрчилнө гэдэг нь зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг ойлгодог. Энэ зохицуулалтыг ихэвчлэн түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон, санхүүгийн хүндрэл арилсан тохиолдолд цаашид зээлээ хэвийн төлөх боломжтой байгаа зээлдэгчид олгодог. Манай журмаар зээлийн бүтцийг өөрчлөх боломж нь хязгаартай байдаг. Олон удаа зээлийн бүтцээ өөрчлөх, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зээлдэгчийн эрсдэл нэмэгдэж байдаг учраас ангиллыг бууруулах шаардлагатай болдог.

Харин энэ зохицуулалтын хүрээнд зээлээ одоогийн гэрээний дагуу төлөхөд хүндрэлтэй байгаа зээлдэгчдээс зээлийн гэрээний хугацаагаа  сунгах, эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх нэг удаагийн боломж олгож байгаа юм. Ингэж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Зээлийн мэдээллийн санд хадгалагдах зээлийн ангилал буурахгүй буюу аливаа өөрчлөлт орохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт хэрэгжихээс өмнө зээлээ хугацаандаа төлж байсан боловч COVID-19-ийн үр дагавараас шалтгаалан цаашид төлбөрийн доголдол үүснэ гэж зээлдэгч үзэх тохиолдолд өөрийн банкиндаа хандаж зээлийн хуваариа өөрчлүүлэх хүсэлт тавих боломжтой. Хамгийн гол нь зээлдэгчид шинэ гэрээний дагуу зээлээ тогтмол, хуваарийн дагуу төлж байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Энэ боломжийг зээл авсан аж ахуйн нэгж болон иргэдэд олгож байна.

-Зээлийн хугацааг хойшлуулснаар банкинд үүсч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ?

-Мэдээж зээлдэгчээс зээлээ төлөх хугацааг сунгана гэдэг нь банкуудад учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс банкуудад мөрдүүлж буй журам, зохицуулалтын хүрээнд түр хугацаанд уян хатан хандах байдлаар банкуудад хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, дээр дурдсан ангилал бууруулах хугацааг уртасгахтай холбоотойгоор банкнаас байгуулах зээлийн эрсдэлийн сангийн зардал буурах боломжтойгоос гадна, хөрвөх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой зарим шаардлагыг бууруулах, хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

-Хэрэгжих хугацааны хувьд 1 сарын 31-ээс 7 сарын 31 гэж заасан нь ямар учиртай вэ?

-Энэ зохицуулалт хэрэгжих хугацаа гэж ойлгож болно. 2020 оны 7 дугаар сарын 31-ий өдөр хүртэл иргэдийн зээлийн ангиллын хөнгөлөлт үйлчилнэ.   

admin

Read Previous

НООС НООЛУУР, АЛТНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ЭДИЙН ЗАСГАА ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Read Next

АН-ынхаан нэг бол ДАРГАА соль! үгүй бол НЭРЭЭ соль!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *