Шинэ коронавирусын халдвар дэлхийн 109 улсад тархаж, 100 гаруй мянган хүнийг өвчлүүлж, 4000 хүн нас бараад байна. Улс орнууд COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд олон улсын худалдаа, нислэгийг цуцалж, нийтийг хамарсан арга хэмжээ, үйлчилгээг зогсоох зэргээр бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Дэлхийн эдийн засгийг хямрааж, хүн төрөлхтөнд сэрэмж өгсөн коронавирусын нөлөөллийн бас нэг өнцгийг олон улсын хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг байгууллагууд онцолж эхэллээ.Коронавирус хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг Хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага зургаан хүчин зүйлсээр тодорхойлжээ. Мөн ХЭҮК онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед иргэд бусдын эрхийг хэрхэн хүндэтгэх талаар уриалга гаргалаа.
Коронавирусын хүний эрхэд нөлөөлж буй 6 хүчин зүйлсийг “Эмнести интернэшнл” нэрлэлээ
1.Цагдан хяналт
Хятадын Засгийн газар коронавирусын халдвар, түүний эрүүл мэндэд учруулж буй аюулын талаархи мэдээллийг таслан зогсоох өргөн хүрээтэй арга хэмжээ авч байна. 2019 оны 12-р сарын сүүлчээр Ухань хотын эмч нар 2002 онд Хятадын өмнөд хэсэгт гарсан амьсгалын замын цочмог хам шинж болох (SARS) дэгдэлтийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн шинж тэмдэг адил буй талаар санаа зовинож буйгаа хэлсэн боловч тэдний энэхүү яриаг газар авахуулахгүйн үүднээс тэдэнд сахилгын арга хэмжээ авч энэ талаар чимээгүй байхыг нутгийн эрх баригчид анхааруулсан байна.
2.Цагдан хяналт үргэлжилсээр…
Хятадын эрх баригчид мэдээллийн хэрэгслийг хяналтандаа байлгаж, ялангуяа вирусын талаар сөрөг мэдээлэл тархахаас сэрэмжилж зарим мэдээллийг хязгаарласан хууль хүртэл батлаад байна.
3.Ялгаварлан гадуурхалт, гадаадынхныг үзэн ядах үзэл (xenophobia)
Хэвлэлээс үзэхэд Ухань хотын хүмүүс, шинж тэмдэг илрээгүй ч хүмүүсийг зочид буудалд байрлуулахаас татгалзаж, мөн гэрийн хорионд байлгаж, мэдээлэл интернэтэд байрлуулахгүй байхыг зөвлөсөн байна.Бусад улсад Хятад, Азийнхны эсрэг сэдэвт (xenophobia) ялгаварлан гадуурхсан үзэл тархаад байна. Өмнөд Солонгос, Япон, Вьетнам улс дахь зарим зоогийн газрууд Хятад үйлчлүүлэгчдийг хүлээж авахаас татгалзсан бол Индонезэд зочид буудлаас нь гаргасан байна. Франц болон Австралийн хэвлэл дэх вирусны талаарх нийтлэлүүд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
4.Эрүүл байх эрх
Эмнэлгийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд дэгдэлтийн цар хүрээг даван туулахын төлөө тэмцэж байгаа ч Ухань хотын эрүүл мэндийн салбар уналтанд ороод байна. Хэдэн цагаар оочирлосон ч эмнэлэгт үзүүлж чадалгүй олон хүн буцаж байна.
5.Идэвхтнүүд дарамт болон, айлган сүрдүүлэлтэд өртөж байна
Коронавирусын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахыг завдсан хүмүүс Хятадын засгийн газрын цагдан хяналтад өртөж байна. Тухайлбал, хуульч, сэтгүүлч Чен Циуши, Ухана хот дахь эмнэлгүүд дээр бичлэг хийсний дараа эрх баригчид дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлсэн.
6.Хилийн хяналт, хорио цээр
Олон улс хорио цээрийн хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд тэр дундаа Хятад болон Азийн бусад орноос ирж буй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхээс зарим тохиолдолд татгалзаж байна. Зорчих эрх чөлөөг хязгаарласан хорио цээрийг ямар тохиолдолд ямар нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхийг олон улсын эрх зүйд тусгаж өгсөн байдаг бөгөөд зөвхөн тодорхой хугацаа, хууль ёсны зорилгод нийцсэн, нэн шаардлагатай, үл ялгаварлан гадуурхах байдлаар хэрэглэвэл зохино. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хоол хүнсээр хангагдах зэрэг эрхийг хангаж баталгаажуулсан хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ёстой.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин