Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудлаар хоёр шийдвэр гарсан.
1. Улаанбаатар хотын “А” бүсэд “Тэнгэрийн тойрог” зам барих шийдвэр гарлаа. “Тэнгэрийн тойрог” зам нь 6-12 метрийн өндөрт, нийтдээ 13 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, хоёр түвшний замын байгууламж болно. 27 орох гарах цэгтэй байна. Төслийн үр дүнд замын түгжрэл 46,5 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. Агаарын бохирдол 20 хувь бууруулна. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг ашиглах боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс км тутамд 15 центийн хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсан байна.
Энэ зам Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам урагшаа Нарантуул, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр, Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, 100 айл гээд бүтэн тойрог болно. Замыг барихад Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс зардал гаргахгүй, концессоор хийгдэнэ.
2. Дүүжин тээврийн хэрэгслийн асуудлаар шийдвэр гарсан. Үүнийг дэлхийн олон улсуудад хэрэглэж байна. Нийтийн тээврийг сайжруулах дүүжин тээвэр төсөл 60.7 сая еврогийн зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ. Цамхгийн өндөр 22-110 метр, зогсоол хоорондын зай 2-6 метр, нэг кабинд 6 хүртэл хүн байна. Энэ нь Монгол Улс, Франц улс хоорондын хэлэлцээрээр хийгдэж байна.