Улсын Онцгой комисс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгосон билээ. Харин өнгөрсөн сарын 26-ны Улсын Онцгой комиссын хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв.
Харин нүүрс тээвэр хойшлох нь эдийн засагт алдагдалтай байгаа учраас хугацааг нь наашлуулж өчигдрөөс (2020.03.05) нүүрсний тээвэр эхэлжээ. Тодруулбал Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.