Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулаад байна. АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн олон улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага 2020 онд дэлхийн эдийн засаг 2.9 хувийн өсөлттэй байна гэсэн урьдчилан тооцоолж байна. Тус байгууллагаас өнгөрсөн 9-р сард Дэлхийн эдийн засгийн ирэх жилийн өсөлтийг 3 хувь байхыг мэдээлж байсан бол хамгийн сүүлийн мэдэгдлээрээ ийнхүү 0.1 хувиар буулгаад байна. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага 2020 оноос гадна 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг урьдчилан гаргаад байгаа юм. 2021 онд олон улсын эдийн засаг 3 хувиар тэлнэ гэж үзэж байна. Тус байгууллагаас дэлхийн улс орнууд худалдааны дүрэм, татварыг чангатгахын хэрээр эдийн засгийн өсөлт суларч байгааг анхааруулсан байна. АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн бол үүний нэг тод жишээ гэдгийг онцоллоо.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгөөд байгаа юм. Тус байгууллагаас улс орнуудын эдийн засгийн төлөв ч тус бүрт нь гаргасан байна. Тодруулбал, Япон улсын эдийн засгийг 2020 онд 0.6 хувиар өснө гэсэн тооцоог гаргажээ.