Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж, Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцлөөр хангах зорилготой аж.

Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авсан арга хэмжээний талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “ Япон улсын технологийг ашиглаж лагийг үнэргүйжүүлж бордоо болгох туршилт хийж судалгаа хийсэн. Судалгаагаар лагаас гаргаж авсан бүтээгдэхүүнээр уул уурхайн нөхөн сэргээлт, гэр хорооллын модон жорлонг цэвэрлэх, хөрсний бохирдлыг арилгах, станцуудын үнсэн санг хучих, хог булшлах зэргээр ашиглах боломжтой дүгнэлт гарсан. Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр механик болон химийн аргаар лагийг усгүйжүүлнэ” гэлээ. Мөн яамны зүгээс цаашид уг төслийг ашиглах эрхийг нь нийслэлийн удирдлагуудад шилжүүлэх байр суурьтай байгаагаа дуулгасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төслийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр үйлчилгээний газрууд хотын стандартыг дагаж мөрдөх, бодлого шийдвэртэй уялдуулах нь чухал. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхан шатны боловсруулалт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүл гэдэг шаардлага тавина” гэлээ.  Түүнчлэн “Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудад яамны оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Бодлогын яамдууд хоттой хамтраад харилцан уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр болж байгаа нь өнөөдрийн санамж бичиг ихээхэн ач холбогдолтой болж байна” хэмээн онцолж хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

admin

Read Previous

У.Хүрэлсүх: Хуйхаа маажиж ”…Бидний зөв” гэж ярилтай биш

Read Next

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *