УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр
“Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай
жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж,
хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа
илэрхийлсэн юм.
Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр сарын
11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т
заасныг үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын
гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно.
Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу
ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,
Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн
01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна”
гэжээ.
Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө,
орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн
11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн
байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж
заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах
эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр суурьтай
байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг
шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан
албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.
Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн
хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн
байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр
дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа
тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн
хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо
УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг
тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг
хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь
гишүүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв.