Тегеран ОХУ, БНХАУ-ыг цөмийн гэрээг хүчинтэй байлгахад чухал хэрэгтэй түнш гэж үзэж байгааг Ираны Гадаад хэргийн сайд Мохамад Жавад Зариф мэдэгдсэн байна. Тэрээр “Ираны энэ хоёр оронтой тогтоосон харилцаа нь энэ гэрээг байгуулахад оролцсон бусад гурван оронтой тогтоосон харилцаанаас өөр. Учир нь бид Иран, ОХУ, БНХАУ энэ гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа ч хамтын ажиллагаагаа зогсоогоогүй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр орныг цөмийн гэрээг сахихад бидэнд туслах түнш гэж бодож байна” гэж Ираны Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ. Мөн Ираны Засгийн газар 2015 онд байгуулсан энэ гэрээний амлалтыг аврахын тулд хоёр орны ерөнхийлөгч Хасан Рохани, Эммануэл Макрон нарын тогтоосон харилцаанд тулгуурлаж Францтай харилцаагаа сайжруулсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Франц,Иран олон асуудалд хандах үзэл нь адилхан. Одоо Европын орнуудын амлалтыг хадгалах арга замын талаар хэлэлцэнэ гэж Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Рабией төрийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. АНУ гарын үсэг зурж байгуулсан энэ гэрээнээс гарснаас хойш бусад гарын үсэг зурсан Франц, Их Британи, Герман гэсэн Европын орнууд Ираныг өгсөн амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх боломж олгохын тулд АНУ-ын хоригийн үр нөлөөг тойрч гарч болох аргыг хайсан аж. Гэхдээ Тегераны шаардлага Европын зүгээс тогтоосон хугацаанд баталгаажихгүй бол бид энэ амлалтыг багасгах шинэ арга хэмжээг авах болохыг сануулсан байна. Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Моусави Исламын Бүгд найрамдах улс Европын орнууд тодорхой шийдвэр гаргахгүй бол гэрээнд заасан хэмжээ хязгаарыг алгасахын тулд илүү хүчтэй арга хэмжээг авахад бэлэн байгааг анхааруулсныг “ИРНА” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин