Их Британид айлчилсан Украины ерөнхийлөгч сөнөөгч онгоц илгээхийг холбоотнууддаа уриаллаа

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Их Британи улсад гэнэтийн айлчлалаар хүрэлцэн очжээ.

Газар нутагт нь ОХУ-ын цэрэг халдан довтолж, дайн эхэлсэн цагаас хойш тэр хоёр дахь удаагаа хилийн дээс давсан нь энэ юм.

Зеленский өчигдөр Их Британийн хаан гуравдугаар Чарльзд бараалхаж, ерөнхий сайд Риши Сунактай уулзсаныхаа дараа парламентад нь үг хэлжээ.

900 жилийн настай Уэстминстерийн ордонд хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ тэр дайны эхний өдрөөс тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа Британийн ард түмэнд талархал илэрхийлсэн юм.

Энэ үеэр Зеленский холбоотнууддаа Украинд сөнөөгч онгоцнууд илгээхийг уриалж, эдгээр нь “эрх чөлөөний даль жигүүр” болох ач холбогдолтойг тайлбарлажээ.

Тэрбээр “Бидэнд эрх чөлөө байна. Үүнийг хамгаалах жигүүрийг өгөөч” гэсэн бичигтэй Украины агаарын хүчний нисгэгчийн дуулгыг Британийн парламентад бэлэглэсэн юм.

Зеленский үг хэлэхдээ “Орос ялагдахыг бид мэдэж байна. Манай ялалт дэлхийг өөрчлөхийг бид мэдэж байна” гэжээ.

Тэрбээр бас Москвагийн эрх баригчдын эсрэг тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ эрчимжүүлэхийг Британийн парламентад уриалсан байна.

Украины ерөнхийлөгч өчигдөр Британийн агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд иржээ. Түүнийг Британийн ерөнхий сайд Риши Сунак нисэх буудлын талбайд угтаж авсан юм.

Их Британи нь Украинд хамгийн их зэр зэвсгийн тусламж үзүүлсэн улс орнуудын нэг. Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тусламжийн хэмжээ 2 тэрбум фунт стерлинг ($2.5 тэрбум) хүрсэн байна.

Британи улс Украины нисгэгчдийг “НАТО стандартын нисэх онгоц”-ны сургалтад хамруулах болсныг Сунак айлчлалын үеэр мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд Британийн цэргийн баазуудад Украины 10,000 гаруй цэргийн алба хаагчийг орчин үеийн зэвсэг техник эзэмшүүлэх сургалтад хамруулсан юм.

“Энэхүү сургалтаа өргөжүүлж, байлдааны онгоцны нисгэгчдийг хамруулахаар болж буйг би энд зарлахдаа баяртай байна. Үүний үр дүнд Украины арми цаашдаа өөрийн улсын ашиг сонирхлыг хамгаалах ур чадвартай болох юм” гэж Сунак хэлсэн байна.

Зеленскийн айлчлалтай давхцуулан Британийн засгийн газар ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ зарлажээ. Үүнд Оросын армид зэвсэг, техник нийлүүлдэг зургаан байгууллага, ерөнхийлөгч Путиний ойрын хүрээллийн таван хувь хүн багтсан байна.

Европын Холбооны гишүүн 27 орны дээд хэмжээний чуулган өнөөдөр Бельгийн нийслэл Брюссельд эхлэх гэж байгаа. Энэ чуулганд Зеленский оролцож магадгүй гэсэн яриа тараад байна.

Тэрбээр өмнө нь уг арга хэмжээнд зөвхөн зайнаас видео холбоогоор оролцож байсан юм.

admin

Read Previous

257 оролцогчтой Хөгжлийн Банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийнэ

Read Next

Дээд шүүх Лу.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *