Монгол гэдэг иргэнээ хамгаалдаг төртэй, эх орноо хайрладаг иргэнтэй улс

Монголын төр шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос 32 иргэнээ өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авчирлаа.  31 оюутан, ой гарантай бяцхан хүү эх орондоо эсэн мэнд ирлээ. Одоо ХӨСҮТ-д тэднийг тусгаарлаж, хянаж байна. Монголын минь заяа их, монголчуудын хийморь өөдөө, өвчин зовиур илрэхгүй биз.  Бүгдээрээ л сайхан сайхныг хүсэж, хамтдаа залбирцгаая, монголчууд минь. 

Эх орондоо эсэн мэнд ирсэн иргэд эхнээсээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Б.Билгүүн гэдэг залуу  “Алтан соёмбот төрийнхөө далбаан дор Монгол хүн болж төрж, энэ улсын иргэн байгаагаараа маш их бахархаж байна. Одоо бид цаашид улам илүү их хичээн, эх орондоо сайн сайхан зүйлс хийж бүтээх хүсэл минь урьд урьдынхаас илүү их оргилон буцалж байна. Эх орондоо, Засгийн газартаа, хэрэгжүүлэгч агентлагтаа, ажиллагааг явуулсан ах эгч нартаа баярласнаа илэрхийлье. Монгол Улс мандан бадраг” хэмээн бичиж байна. 

Бид чинь иргэнээ хамгаалах, өмөөрөх эх оронтой, Засгийн газартай, эрх орноо хайрлах иргэнтэй тусгаар улс юм шүү.  Дэлхийн том гүрнүүдтэй зэрэгцэж тавдугаарт нь Монгол Улс иргэдээ Ухань хотоос татаж авлаа. Өөрсдөө агаарын тээвэртэй байх ийм сайхан. Тусгаар улс байх, тусгаар Монгол Улсын иргэн байх ийм гайхалтай.  Монголын төр анх удаа ч иргэдээ хамгаалж, өмгөөлж байгаа тохиолдол энэ биш.  

2011 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар Японы гамшгийн бүсэд байгаа иргэдээ МИАТ-ийн онгоц нисгэж, авчирч байсан түүхтэй.   9 жилийн дараа дахиад л МИАТ-ийнхээ онгоцийг нисгээд, иргэдээ авчирлаа. Энэ бол хэн гэдэг хүн Засгийн газрыг тэргүүлж, хэн нь Зам тээврийн сайд байхаас үл хамаарч, монгол хүн монгол хүнээ хамгаалж байгаа жишээ.  Сайхан байна, сэтгэл дүүрэн, тэнэгэр болчихлоо, ойрын өдрүүдэд. Ухань хотоос иргэдээ авчрах бүхий л ажлыг Засгийн газар, ЗТХЯ, ЭМЯ сайн зохион байгууллаа. ЭМЯ-ныхан, эрүүл мэндийн байгууллагууд, ХӨСҮТ-ийнхөн борви бохис хийлгүй ажиллаж байна. Бахархахгүй байхын арга алга. 

Иргэд маань ийм сайхан эх оронтойгоороо, өмгөөлөх, хамгаалах төртэйдээ баярлаж, Монголоо хайрлаж байна.  Бид эх орноо хайрлах сэтгэлтэй иргэдтэй улс.  Ердөө гуравхан жилийн өмнө Монголын нийт нутгаар гал түймэр хурдацтай тархаж, Улаанбаатар хот хүртэл түймрийн утаагаар бүрхэгдэж байсан. Хүмүүс мартаагүй л байна.  Тийм хүнд цагт залуучууд гал унтраахаар Сүхбаатарын талбайдаа хэдэн зуугаараа ирж. Хүмүүс хоол унд, уух ус, мах шөлнөөс авахуулаад чадах зүйлээ авчирч өгч байлаа.  Тэр залуучууд машинд хоол хүнсээ дүүргэж ачаад, түймэр унтраахаар явж байсан. Унтрааж ч чадсан. Эх орондоо хайртай иргэдтэй байх ийм сайхан. 

Та бүхэн санадаг байх, цахим сүлжээнд нэгэн түүхийг хэн ч билээ бичсэн байдаг даа. Хэдхэн жилийн өмнө  Зүүнхараад асар их ой хээрийн түймэр гарч байхад Дотоодын цэргийн нэгэн генерал Зүүнхараагийн чангад ял эдэлж буй хоригдлуудыг авчраад “Цаана чинь эх орон шатаж байна. Оргоно уу байна уу та нарын ухамсар мэдтүгэй”  гэж хэлээд,  өөрөө гадуур хувцасаа тайлаад түймрийг унтраахаар түрүүлээд орсон байдаг. Түймэр унтарсаны дараа хоригдолуудыг тоолоход нэг ч хүн оргоогүйгээр барахгүй бүгд сэтгэл ханамжтай зогсож байсан гэдэг түүхийг.  Бид бүгд л цагаа тулахад эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх сэтгэлтэй, эх орондоо хайртай монголчууд. 

Өвөл, хаврын цагт цасан шуурга болж, Онцгой байдлын албаныхан ямар завгүй ажилладаг билээ. Түүний хажуугаар том машинтай залуучууд нэгдэж, сайн дураараа иргэдэд тусалдаг. Нэгэндээ тусалдаг сэтгэлтэй олон залуучууд нэгдээд, сайн сайхныг хийж байгаа. Бид нэг нэгэндээ хайртай, тусгаар Монголын иргэд. Тиймээс хар муухайгаар төр засгаа, нэг нэгээ хараагаад сууж байж таарамгүй.  Хэнд ч, хэзээч, юу ч тохиолдож болно. Монгол нь Монголыгоо л хайрлая.  Төр засгийнхаа шийдвэрүүдийг биелүүлье. Хорьсон шийдвэр гарсан л бол дагаж мөрдөцгөөе. Амны хаалтаа зүүцгээе. Хүнд бүхнийг бид нийтээрээ, нэгдсэний хүчээр л давж гарна.  

admin

Read Previous

Сэжигтэй 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Read Next

Б.Баярдаваа: Коронавирусээс үүдэж гарах эдийн засгийн сөрөг нөлөөг одоо хэлэхэд эрт байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *