Б.Баярдаваа: Коронавирусээс үүдэж гарах эдийн засгийн сөрөг нөлөөг одоо хэлэхэд эрт байна

Монголбанкнаас  өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Зээлийн өсөлт таван хувь руу орж буурсан байна. Хэрэглээний зээлийг хязгаарласнаас өөрөөр зээл буурахад ямар зүйл нөлөөлсөн бэ?

-Зээлийн өсөлт буурсан. Цэвэр өсөлт нь 4.5 хувьтай гарсан.  Өмнө нь зээлийн өсөлт 13 хувьтай  байсан. Энэ өсөлтөөс доошоо буурч ирж байгаа.  Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.  Нийт зээлийн өсөлтөө дотор нь хэрэглээ болон бизнес гэж ангилж авч үзвэл, өөр өөр. Хэрэглээний зээлийн өсөлт 7.7 хувиар буурсан. Үндсэндээ 400-гаад тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг.  2018 оныхтой харьцуулахад, 2019 онд ийм хэмжээнд хүрч буурсан талаар ярьж байна шүү. Харин бизнесийн зээл 11 хувийн өсөлттэй гарсан. Хэрэглээний зээл рүү явж байсан санхүүгийн эх үүсвэр бизнесийн зээл рүү шилжиж байгааг харж болно. Дахиад дотор нь валютаар нь ангилж үзвэл, төгрөгийн зээл өссөн. Эсрэгээрээ валютын зээл буурсан.  Валютын зээлийн үлдэгдэл 2018 оны эцэстэй харьцуулахад, 2019 онд 28 хувиар буурсан байгаа.  Нөгөө талдаа төгрөгийн зээл 11 хувийн өсөлттэй.  Тэгэхээр зээл ам.доллараар биш төгрөгөөр эдийн засаг руу гарч байна гэсэн үг.  Энэ бол сайн үзүүлэлт. 

-Арилжааны банкуудын хэрэглээний зээлийг хязгаарлаж, хугацаа, өр, орлогын харьцааг тогтоож өгсөн. Үүнээс болоод ББСБ-ын хэрэглээний зээл нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Монголбанкнаас СЗХ-ныхонтой уулзаж, ББСБ-ын хэрэглээний зээлийн хугацаа, өр, орлогын хэмжээг арилжааны банкуудынхтай адилтгах талаар зөвшилцсөн гэж байсан.  Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-ББСБ-уудаас гарсан зээлийн өсөлт нь дүнгээрээ их том харагдаад байгаа юм. Гэхдээ нийтдээ 500-гаа тэрбум төгрөгийн л зээлийн өсөлтийн тухай ярьж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн.  Зөвхөн банкуудад хэрэглээний зээлийн хязгаарлалт тавьснаас болоод ББСБ руу зээл шилжсэн гэвэл өрөөсгөл. ББСБ-уудын үйл ажиллагаа хялбаршсан. Нээлттэй болсон, финтекийн элементүүд орж ирсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, кредит скоринг нэмэгдсэн гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байгаа.  Гэхдээ нөгөө талдаа хэрэглээний зээлийг ББСБ-ын өндөр хүүтэй зээлээр санхжүүлэх эрсдэл байгаа учраас арилжааны банкуудад макро зохистой бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа өр, орлогын харьцаа, хугацааны хязгаарлалтуудыг тэнд ч гэсэн хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Улмаар СЗХ-той өнгөрсөн оны долоо, наймдугаар сард суугаад, хэлэлцээр хийсэн. Зөвшилцөлд хүрсэн. Өр, орлогын харьцааг тооцох аргачлал, холбогдох судалгааны материалуудыг ч СЗХ-д хүргүүлчихсэн.  Энэ үйл ажиллагаа ямар шатандаа явааг СЗХ-оос тодруулах нь зүйтэй.  

-Олон улсын валютын сангийн 6 дахь шатны үнэлгээг хийгээгүй байгаа. Ирэх гуравдугаар сард ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Ямар асуудлыг голчилж ярих вэ?

-ОУВС-гийн техникийн багийн гишүүд гуравдугаар сард ирэх мэдээллийг сэтгүүлчид авсан юм байна.  Гуравдугаар сард ирж байгаа ажлын хэсэг эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн хандлагад илүү төвлөрч ажиллана.   Энэ нь цаашид ОУВС-тай үргэлжлүүлэн ярих асуудлуудын суурь нь болох юм.  

-Коронавирустэй холбоотойгоор эдийн засагт ямар нэг сөрөг нөлөөлөл гарах уу?

-Мэдээж сөрөг нөлөө гарах нь ойлгомжтой. Гэхдээ сөрөг нөлөөлөл гарахаас сэргийлэх чиглэлээр Хятадын удирдагчид ажиллаж байгаа юм билээ. Нэгдүгээрт, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтөд тодорхой бус байдлыг үүсгэж байна.  Бүрэн нөлөөг нь өнөөдөр хэлэхэд эртдэнэ. Ямар сувгуудаар энэ нөлөөлөл нь орж ирэх вэ гэдгийг хэмжих ёстой. Үйлчилгээний салбарууд уу, худалдаа юу. Үүнтэй зэрэгцээд бусад орнууд ямар хариу арга хэмжээ авах вэ. Буцаад Хятадын барилгын, дэд бүтцийн, аялал жуулчлалын салбарт нь ямар өөрчлөлт гарах вэ.  Гэх мэт нөлөөллүүд гарч ирнэ. Цаашлаад, Хятадын талаас хилийн хяналтдаа ямар өөрчлөлтүүдийг хийх вэ гэдгийг ч харах ёстой. Энэ бүх нөхцөл байдлын судалгааг хийгээд, 2020 оны гуравдугаар сараас л тодорхой хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгнө.   

-Хятадын своп хэлцлийг цаашид үргэлжлүүлж сунгах талаар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцэл 2020 оны долдугаар сард дуусна. Үүнээс цааш 3 жилээр сунгах ажлыг Монголбанкнаас хийж байна.  Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзах үеэр сунгах боломжтой гэдгийг тодорхой мэдэгдсэн.  Долдугаар сард дахин гэрээг сунгана.  

admin

Read Previous

Монгол гэдэг иргэнээ хамгаалдаг төртэй, эх орноо хайрладаг иргэнтэй улс

Read Next

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.4 их наяд төгрөгт хүрчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *