Б.Төмөрбат: Банкны салбарт хийх хяналт, шалгалт илүү үр дүнтэй болно

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч Б.Төмөрбаттай банкны салбарт хийж буй шинэчлэл, тэр дундаа эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын талаар ярилцлаа.  

-Банкны шинэчлэлийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хийхээр болоод байгаа. Эхлээд эрсдэлийн үнэлгээг нь хийгээд, дараа нь тэр дагуу шалгана гэсэн үг үү?

-Ерөнхий утгаараа тэгж ойлгож болно. Гэхдээ дотроо маш олон зүйлээс бүрдэж байгаа.  Эхлээд банкны системийн өөрийнх нь түүхэн тоон дата мэдээлэлд үндэслэж, ирээдүйн бизнес төлөвлөгөө нь ямар байхыг эхний ээлжинд үнэлэх асуудал гарч ирж байгаа юм. Санхүүгийн болон санхүүгийн бус эрсдэлүүдийг тодорхойлж гаргаж байна. Түүхэн дата мэдээлэлд үндэслэж, ирээдүй рүү чиглэсэн зөв шийдлийг цаг алдалгүй урьдчилсан байдлаар олж тогтоож, эрсдэлээ үнэн зөв тодорхойлно. Түүнийхээ дараа эрсдэлд нь тохирсон хяналт шалгалтыг хийнэ. Том эрсдэлтэй асуудал руу том ажлын хэсэгтэй орно. Эрсдэлийн үнэлгээг банкууд дотоод хяналтынхаа хүрээнд хийж байгаа. Энэ үнэлгээ нь үнэн, бодит байна уу гэдгийг зохицуулагчийнх нь талаас шалгана. Зөрүүтэй, дутуу үнэлсэн, эрсдэлээ буруу тодорхойлсон байвал түүнийг засаад, арга хэмжээ аваад явна гэсэн үг. Банкны санхүүгийн болон санхүүгийн бус бүх хэсэг рүү л орж, эрсдэлийн шалгалт хийнэ. Үйл ажиллагааны, зээлийн, зах зээлийн гэх мэт олон эрсдэл бий.  Эдгээрийн аль хэсэгт нь эрсдэл өндөр байна, түүнийг нь үнэн, зөв тодорхойлж, анхаарал, ач холбогдол өгөөд явна.

-Одоо энэ шинэчлэл эхэлчихсэн гэж ойлгох уу. Эсвэл тодрхой хэмжээний дүрэм, журам гаргаж байж эрсдэлд суурилсан шалгалтыг хийж эхлэх юм уу?

-Эхлэх үе шатандаа л явж байна. Энэ өмнө нь Монголд хийж байгаагүй хяналт, шалгалтын аргачлал. Тиймээс энэ аргачлалыг системтэй, зохион байгуулалттай болгох шаардлагатай. Энэ ажлуудыг ирэх жилээс хийгээд эхэлнэ.  Гэхдээ бид эхнийхээ ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Эхний үе шат буюу бизнес төлөвлөгөөг үнэлэх ажлыг өнгөрсөн жилээс хийгээд эхэлчихсэн. Харин эрсдэлийг тодорхойлох, банкны бизнесийн төлөвлөгөөнүүдийг үе шаттайгаар үнэлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг ирэх жилээс хийнэ. Мөн Монголбанк ямар бүтэцтэйгээр, яаж ажиллах вэ гэдгээ ч ирэх жилээс илүү нарийн тодорхой болгоно. 

-Энэ шинэчлэлийг хийснээр банкны салбарт ямар эерэг үр дүн гарах вэ?

-Өмнө нь бид гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкинд ижил түвшний шалгалт хийгээд байдаг гэсэн үг. Том банк ч байсан ч адилхан шалгалтын багтай, ижилхэн давтамжтай ордог. Жижигт нь ч гэсэн ялгаагүй. Харин эрсдэлд суурилснаар бид үр дүнтэй хяналт, шалгалт хийнэ гэсэн үг. Шаардлагагүй зүйл рүү анхаарал хандуулахгүй. Харин шаардлагатай зүйлдээ илүү их анхаарал хандуулж, хүч хаяж, дорвитой арга хэмжээ аваад эхэлнэ. Тэгэхээр хяналт, шалгалт илүү үр дүнтэй, бодитой болно. 

-Манай банкны салбарын хамгийн эрсдэлтэй хэсэг нь юу байдаг юм бэ?

-Хамгийн түрүүнд нэрлэж болох нь зээлийн эрсдэл.  Мөн зах зээлийн эрсдэл байна. Манай улсын банкны хүү бусад орнуудынхаас харьцангуй өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор ханш болон хүүгийн, өөрийн хөрөнгө алдагдах эрсдэлийг тодорхой хэмжээнд дагуулдаг. Гэхдээ хамгийн олон жил анхаарлын төвд байгаа эрсдэл бол зээлийнх. Манай банкууд олон жил зээл олгоод, эрсдэлээ зөв тооцоод сурчихсан. Гэхдээ л энэ чиглэлээр ажиллах, засаж сайжруулах зүйл зөндөө байгаа. 

-Эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хийнэ гэдэг чинь урьдчилсан сэргийлэх талаас нь илүү ажиллана гэсэн үг. Тэгэхээр банкуудын эрсдэл даах чадвар ч дагаад нэмэгдэх боломжтой байх?

-Бид урьдчилсан сэргийлэх байдлаар ажиллана. Аливаа зүйлийг урьдчилж хараад, ирээдүйд болох эрсдэлийг хаахын төлөө ажиллана. Дагаад банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүрэг даалгавраа өгөөд, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлээд явна. Өөрийн хөрөнгөө энэ хэмжээгээр нэм. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа  тийм хэмжээнд нэмэгдүүл гэх мэтээр тодорхой хэмжээний нэмэлт даалгаваруудыг өгөөд явна. Тэгэхээр эрсдэл даах чадвар нь улам нэмэгдээд, иргэдийн банкинд итгэх итгэлийг улам нэмэгдүүлнэ. Гэх мэт сайн үр дагавартай. 

admin

Read Previous

ТОМСГОСОН 26 ТОЙРОГ: Давуу хийгээд сул тал нь юу вэ

Read Next

М.Мөнхболд: “U-Money” картыг хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудад цэнэглэдэг болсноор цэнэглэх цэгийн тоо 200-гаар нэмэгдэж байгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *