ТОМСГОСОН 26 ТОЙРОГ: Давуу хийгээд сул тал нь юу вэ

Ноосоо тушаачихлаа гэдэг шиг Сонгуулийн хуулиа баталчихлаа. Энэ бол эрх баригчдын зорьж зүтгэсэн ажлынх нь нэг. 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойрог бүхий олон мандаттай  мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчиллаа. Монгол Улс парламентат ёсонд шилжсэнээс хойш 7 удаагийн сонгууль явуулсны 4-ийг нь жижиг 76 тойргоор явуулсан. Харин одоо томсгосон тойргоо илүүд үзлээ.  Улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж  бүрдүүлье гэвэл тойргоо томсгох нь зүй ёсны шийдэл байсан гэдэгтэй санал нийлнэ.

Болж өгвөл  бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь бүр ч илүү шийдэл байж мэдэх юм. Үнэндээ бүс нутгийн хөгжлийг дэмжих хамгийн боломжтой хувилбар гэж байгаа. Манай улс өнгөрсөн хугацаанд  сонгуулийн бүхий л системийг бараг туршаад үзчихсэн. Харин ийм бүсчилсэн хэлбэрээр явуулсан нь үгүй. Одоогийн энэ тогтоод байгаа томсгосон 26 тойрог бол 2008 оны хувилбар. Тэгэхээр шинэ гэж хэлэхэд учир дутагдалтай ч жижиг тойргийн явцуу  ашиг сонирхлоос ангижрана гэдэгт нь талархалтай хандах шалтгаан бий.

Олон нийтийн зүгээс талархалтай хандаж байгаа нь нэг нэмэлт өөрчлөлт гэвэл нэр дэвшигч нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байгаагүй гэсэн тодорхойлолттой байх ёстой. Үүнийг төрт ёсыг цэвэршүүлэх тийш хийж буй алхам хэмээн харах шалтгаан бий.

Ерөөс төгс төгөлдөр юм гэж үгүй. Үүн лүгээ шинээр баталсан Сонгуулийн хуулинд ч давуу хийгээд сул тал байж л таарна. Энэ талаар тодруулж харах гэж хичээе.

Томсгосон 26 мандаттай тойргийн давуу тал:

-Төсвийг үр дүнгүй цацдаг байдал өөрчлөгдөж  улс орны хэмжээний  томоохон бүтээн байгуулалт, төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл,  төсөв санхүүгийн “цохилт”-ын гол хүчийг  томоохон бүтээн байгуулалтад төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ. Иргэдийн түрүүлж харж байгаа давуу байдал нь энэ юм.

-Тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тэд сонгуулийн зардлаа хамтран бүрдүүлж,  эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй.

– Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг. Тийм болохоор сонголтгүй  сонгууль хэмээн гомдолдог. Харин томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрдэнэ.

– Томсгосон тойргоос харагдаж байгаа хамгийн чухал боломж нь бэлтэй, чадалтай нь мөнгө цацаж сонгуульд ялдаг явдал өөрчлөгдөнө. Мөнгөний сонгуулийн боломж хумигдана.

-Царцааны нүүдлийг хязгаарлах боломжийг томсгосон тойрог өгч байгаа нь бас нэг  маш чухал давуу тал юм.

-Залуу улстөрчид, залуу гишүүд парламентад орж ирэх нөхцөл томсгосон тойрогт илүү гэдгийг хуульчид хэлж байна билээ.  

-Судлаачид олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын үнэмлэхүй олонх болж, Засгийн газар тогтвортой ажиллах боломж олгодог хэмээн тэмдэглэжээ.  

-Томсгосон тойрогт сонгуулийн бүх үйл явц  энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж.

-Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ болон олон улсын байгууллагууд томсгосон тойргийг санал болгодог. Тэгэхээр жендерийн тэгш байдлыг хангах бололцоо өгнө гэсэн үг.

Томсгосон тойргийн сул тал нь юу вэ?

-Хамгийн эхэнд яригдаж байгаа сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Ялахын тулд бие биеийнхээ эсрэг хар пиар хийдэг гэх шүүмжлэл.

-Хоёр намд л ашгаа өгөх хувилбар. Томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт гэсэн санаа бодол нэлээд явж байна.

-Бие даагчид гарч ирэх боломж бололцоо хамгийн доод түвшинд гэж байна. Харин олонд танигдсан гэдэг утгаараа хашир “хандгайнууд”  олноороо сонгогдох магадлалтэй гэх шүүмжлэл байна.

Энэ бүхнээс  сонгуулийн шинэ тогтолцооны давуу  тал нь яах аргагүй илүү жин дарахаар харагдаж байгаа юм. Гэхдээ жинхэнэ бодит дүр зураг 2020 оны сонгуулийн дараа л бүр тодорхой харагдах биз ээ.  

admin

Read Previous

БҮДГЭРЧ, БАЛАРСАН АВЛИГЫН ХЭРГҮҮД

Read Next

Б.Төмөрбат: Банкны салбарт хийх хяналт, шалгалт илүү үр дүнтэй болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *