Ерөнхийлөгчийн хоригийг “түшээд авах, түлхээд хаях”-ын аль нь ч бай, “нийлбэр өөрчлөгдөхгүй”

Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Харин энэ хоригийг  УИХ одоогоор хэлэлцэж эхлээгүй байна. Гэхдээ олонхийн бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн хоригт нэг их санаа зовоод байгаа шинж алга. Энэ хориг бол Ерөнхийлөгчийн тавьж буй ес дэх хориг бөгөөд үүнээс өмнө тавьсан найман удаагийн хоригоос УИХ ердөө ганцыг нь хүлээж авч байв. 

УИХ-ын хувьд, тэр дундаа МАН-ын олонхий бүлгийн өмнө  Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхээ баталгаажуулах хоёр зам байна.  Аль аль нь боломжтой, нээлттэй. Гагцхүү тэдний “сэтгэлийн чин зориг мэдэх” юм шиг байна.

Нэгдэх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх шийдэл.  Ингэснээр ард нийтийн санал асуулгаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхээ батална гэсэн үг.  Үндсэн хуулийн өөрчлөлт иргэдийн хүсэмжлэлд хүрээгүй ч парламентын засаглалыг төгөлдөржүүлэх хэд хэдэн өөрчлөлт орсон. Давхар дээлийг хязгаарласан, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, Засгийн газрыг зөвхөн олонхоор /39+1/  огцруулах гэхчлэн иргэдэд таалагдах өөрчлөлтүүд байгаа болохоор “Чамлахаас чанга атга” гэгчээр  дэмжиж таарна.

Хоёр дахь арга  зам нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулга явагдахгүй. Парламент  ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж батална.Ингэхдээ мөнөөх 35 заалтаа нэгбүрчлэн хэлэлцэж 57+ гишүүний дэмжлэгээр батална.  Тэгэхээр олонхийн бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн хоригийг “түшээд авах, түлхээд хаях” хоёрын хооронд онцын ялгаагүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлаад явна гэсэн үг. 

Олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд “Хоригийг хүлээж авсан  тохиолдолд УИХ-ын Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол хүчингүй болж байна гэсэн үг” гэдгийг тодотгосон байна билээ.

Олонхийн бүлэг Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эх төслөө  ард нийтийн санал асуулга аль эсвэл өөрсдөө үргэлжлүүлэн хэлэлцэж  “амилуулж” чадвал үлдэх мөр, гавьяа тэр болно. Эс чадвал дараагийн сонгуульд хасах оноо болж ирнэ. 

Хамгийн хяслантай нь дахиад найман жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ам нээх эрхгүй болж, хуучин байдалтайгаа  эвлэрэхээс өөр замгүй болно.

admin

Read Previous

Д.Тогтохсүрэн: МАН-аас УИХ-ыг тараах тухай албан ёсны шийдвэр огт гараагүй

Read Next

2020 оны төсвийн орлогыг энэ оныхоос 2,1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *