ДОЛОО ХОНОГ:“Мөнх”-ийн гэрээнд гарын үсэг зурж, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөв

Улирч буй долоо хоног Монголын улс төрийн амьдрал  үйл явдал, өрнөлөөр дүүрэн байв.  Мягмар гарагт бүх нийтээрээ амарч хойд хөршийн төрийн тэргүүнийг  угтаж авав. ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн 4 дэх удаагийн энэхүү албан ёсны айлчлал хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж,  хамтын ажиллагааны 10 гэрээ хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсан бөгөөд үүнийг гадаадын зарим  хэвлэл мэдээлэл “Мөнхийн гэрээ” хэмээн  тодотгож буй нь санамсаргүй хэрэг биш юм. Түүнчлэн энэ айлчлалыг  Монгол дахь дахь Хятадын нөлөөг бууруулах   алхам хэмээн нэрлэжээ.  

Айлчлалын явцад  Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд  ОХУ Монгол Улстай хамтран ажилах сонирхлоо илэрхийлж, мөн 100 тэрбум рублийн зээлийг УБ төмөр зам болон  Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт зарцуулхаар болов.  

Энэ айлчлалын явцад Монгол Улс Алс Дорнодод далайн боомт ашиглах болон хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах,  ОХУ-ын холбооны субъектүүдтэй  бие даан хамтран ажиллах зэрэг боломжууд  монголчуудын гарт үлдлээ.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусав

Өнгөрөгч сарын  12-оос эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг эхэлсэн.  Энэ удаагийн хэлэлцүүлэгээр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төслийг нэгтгэн хэлэлцснээс гадна АН-ын саналуудыг мөн тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын мэдээлснээр  Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын 62 гишүүнээс 53 санал гарснаас 34 саналыг нь дэмжих шийдвэр гарсан. Энэ 34 дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгасан саналууд орсон юм байна.  Харин анхны өргөн  барьсан төслөөс 8 заалт огт хөндөгдөөгүй үлдсэн аж.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар хэмээн тодотгож  байсан зарим заалт олонхийн дэмжлэг авч  чадалгүй уналаа.  Ялангуяа  гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах,  Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх заалтыг дэмжсэнгүй.  Ингэснээр Засгийн газрын гишүүд нь УИХ-даа барьцаалагдсан байдал цаашид ч хэвээр үргэлжлэх нөхцөл байдал хэвээр үлдэх болж байна.

Түүнчлэн ажлын хэсэг дээр санал нэгдээд байсан УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож,  бүрэн эрхийн хугацааг  5 жил болгох санал мөн уналаа.   Тэмдэглэхэд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаашдын хэлэлцүүлэгүүдээр зарчмын зөрүүтэй шинэ санал орохгүй гэдгийг   МАН-ын бүлгийнхэн тодотгож байгаа юм.

МАН-ын бүлэг баасан гарагийн орой хуралдаж  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  бүх нийтийн  санал асуулга явуулахыг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр  ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж,  бүх нийтийн санал асуулгын хэлэлцүүлгийг хийхээр болж байна.  Санал асуулга нь  хөрөнгө санхүүгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай  болно гэдгийг  олонхийн бүлгийн дарга тодотгосон.

Монгол Улс нүүрсээ далайгаар гуравдагч зах зээлд хүргэнэ

Лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Дорнын эдийн засгийн Y форумд оролцохоор Владивостокийг зорив.  Ерөнхийлөгч энэ үеэрээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзаж  Монголын нүүрсийг Японы зах зээлд нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, хариу дамжлэг хүлээжээ.

Энэ үеэр Монголын  эдийн засагт чухал ач холбогдолтой нэг үйл явдал болсон нь ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исурин “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран боловсруулсан ТЭЗҮ-ийнхээ  анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч төсөл хэрэгжиж эхэлж байгааг албан ёсоор зарлалаа.  Ингэснээр Монголын нүүрс гурав  дахь зээлд гарах боломж бодит ажил болж эхэлж байна.

Энэхүү  төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах бөгөөд  2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

admin

Read Previous

Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл”, ”Хөтөл”, ”ТОСК” зэрэг зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорт өглөө

Read Next

“Сүнс сүлдгүй” болж хувирсан нэмэлт өөрчлөлт институци хоорондын хямралд хүргэж болзошгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *