“Сүнс сүлдгүй” болж хувирсан нэмэлт өөрчлөлт институци хоорондын хямралд хүргэж болзошгүй

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хоёрдугаар хэлэлцүүлэгт ТББХ-оос  нэмэлт өөрчлөлтийн 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй  саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулсан.  Харин эдгээрээс 34 зүйл нь дэмжигдээд байгаа юм.  

Гэхдээ дэмжигдээд байгаа эдгээр өөрчлөлт ард иргэдийн хүлээлтэд хариулт болж чадсангүй.  Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн  62 гишүүн анх өргөн барьсан төсөл, итгэл үнэмшлээсээ  ухарч, өөрсдийнхөө саналыг унагачихлаа. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанарыг үндсэндээ үгүй хийчихлээ гэвэл үнэнд илүү ойр сонсогдох байх.  

Нийгмийн шинэ харилцаанд шилжсэн 30 шахам жилд Монгол Улсын Засгийн газар 17 удаа солигдож, нэг Засгийн газрын дундаж нас 1.6 жил байжээ. Энэ бол өнөөгийн урагшгүй байдлын уг сурвалж юм.

Ийм байдлыг засч залруулах нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс байв.  Энэ зорилгоор Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, томилдог чөлөөлдөг байх зохицуулалт орсон ч хэдхэн гишүүний саналаар уначихлаа. Товчхондоо хуулийнхаа амин сүнсний амийг нь тасалчихлаа. Энэ талаар ТББХ-ны дарга С.Бямбацогт “Энэ бол хийгдэх ёстой  өөрчлөлт байсан” хэмээн тодотгосон.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох,  дордуулсан долоон өөрчлөлийг засч давхар дээлгүй байх заалт дэмжигдсэнгүй.

Шүүхийн  хараат бус байдлыг хангахаар  төслийн 50.2-т 2.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна гэсэн заалт мөн унаж шүүхийн томилгоо нэг хүний эрх мэдэл хэвээр үлдэж байна.   

Эдгээр заалтууд өөрчлөлтийн гол утга учир,  улс төрчдийн “уйлагнадаг” сэдэв байсан ч цагаа тулахаар ярьдаг хэлдэгээсээ тас зөрөөд  танихгүй хүн шиг нүүр буруулчихлаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэмэлт өөрчлөлтийг “Таван алхам урагшлахаас хоёр алхам урагшлалаа гээд засаглалтай холбоотой хямрал бүрэн цэгцрэхгүй” хэмээсэн бол ТББХ-ны дарга С.Бямбацогт “Чамлахаар чанга атга” гэсэн санааг илэрхийлнэ билээ. Товчхондоо өөрсдөө ч энэ өөрчлөлтдөө сэтгэл дундуур байгаа хэрэг. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн тодотгосноор бол хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш нэмэлт өөрчлөлтийн төсөлд зарчмын шинэ санал  орох боломжгүй болж байгаа юм байна. Ингэхээр төсөл одоогийнхоороо эцэслэгдэх магадлалтай болж, хүлээлтгүй хоцорч байна.

Харамсалтай нь энэ нэмэлт өөрчлөлт хүлээсэн үр дүнг авчирсангүй. Ерөнхийлөгчийн институтийн зүгээс реформын шинжтэй өөрчлөлт болж чадсангүй хэмээн дүгнэв. 

Хамгийн гол нь ард түмний хүсэн хүлээж байсан өөрчлөлтүүдийг Их Хурлын эрхэм гишүүд унагасан болохоор санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдэх магадлал тун бага болж байгаа явдал.

УИХ дахь олонхийн бүлгийн гишүүдийн энэ ухарч буцсан,  туйлбаргүй, өөрсдийнхөө саналыг унагасан ийм байдал  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн утга учрыг  үнэгүйдүүлж, шинэчлэлийг ширвэв.

Эцсийн дүндээ энэ нь тооцож байгаагүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж,  засаглалын хэлбэрийг хөндөж эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Бямба гарагт  Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээс асууна гэдгээ илэрхийллээ. Ингэх шалтгаанаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Парламентын засаглалаа  төгөлдөржүүлэх заалтуудыг унагасантай холбон тайлбарлажээ. Тухайлбал, ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой, үүнийгээ иргэдээсээ асууя гэжээ.

Гэвч ард түмнээс асуулгыг бодолтой, болгоомжтой явуулахгүй бол Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй гэсэн санааг иргэн Д.Ламзав илэрхийлжээ. Тухайлбал, санал асуулгаар 3 хүртэл асуулт асууж болно. Гэхдээ хуулийн хувьд зөрчилтэй хоёр асуулт асуувал зөрчил үүснэ. Үүнээс үүдэн Үндсэн хуулийн хямрал үүсэх магадлалтай гэжээ.

Ерөнхийлөгчийн байр суурийг олонхийн бүлгийн хэд хэдэн гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн байна билээ. Энэ нь цаашид институци хоорондын хэрүүл, хямрал болж өрнөж  болзошгүй. Гэхдээ  ийм байдалд хүргэсэн буруутан нь нэмэлт өөрчлөлтийг үнэгүйдүүлсэн олонхийн бүлэг өөрсдөө. Ямартаа ч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо бэлтгэж байгаа гэсэн шүү.

“Хувьсгалын тохироо” бүрдсэн ийм  ховорхон боломжийг ашиглаж ард түмний хүсэн хүлээдэг өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулж, парламентын засаглалаа төгөлдөржүүлж чадахгүй бол  одоогийн олонх дэндүү арчаагүй л харагдах байх.

admin

Read Previous

ДОЛОО ХОНОГ:“Мөнх”-ийн гэрээнд гарын үсэг зурж, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөв

Read Next

Жилдээ 500-600 иргэнээ зам тээврийн ослоор алддаг гурван сая МОНГОЛЧУУД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *