Лхагва гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маскийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Нэг сэтгүүлч түүнээс “Илон Маскийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг үү? Та өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд түүний гадаад улс орнуудтай, тухайлбал Саудын Арабын засгийн газартай үүсгэсэн харилцааг шалгах уу?” гэж асуусан юм.
Үүнд Байден хариулахдаа “Илон Маск гадаад орнуудтай ямар харилцаатайг шалгах ёстой гэж би бодож байна. Гэхдээ түүнийг ямар нэг зохисгүй зүйл хийсэн гээгүй. Шалгах нь зүйтэй л гэж хэлж байна” гэжээ.
Илон Маскийн хувьд Жо Байдентай зөрчилтэй байдаг.
2022 оны турш тэрбээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийг нь үл тоомсорлон уламжлалт үйлдвэрлэгчдийг дэмжиж буй Байденыг шүүмжилж байв.
Саяхан санал хураалт нь болж өнгөрсөн конгрессын дунд хугацааны сонгуулийн өмнөх өдөр Маск хүчний харьцааг тэнцүүлэх үүднээс Бүгд Найрамдахчуудад саналаа өгөхийг хүмүүст уриалж байжээ.
Өнгөрсөн сард Твиттер компанийг $44 тэрбумаар худалдаж авахдаа Маск гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосон нь тодорхой байгаа. Энэ наймаанд Саудын Арабын хунтайж Алвалед Бин Талал оролцсон гэх мэдээлэл бий.
Түүнийг Твиттерийн хоёр дахь том хувь эзэмшигч болсон гэж ажиглагчид дүгнэж байгаа.
Бас Катарын баячуудаас Твиттерийн наймаанд оролцсон гэх мэдээлэл цацагдаад байна.
Твиттерийн наймаанаас гадна Илон Маск сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудын талаар маргаантай байр суурь илэрхийлэх болсон юм.
Тухайлбал тэр Украины хямралыг Москвад ашигтай байдлаар шийдвэрлэх санаа гаргаж, Тайванийг Хонконгтой адил Хятадын засаг захиргааны тусгай бүс болгох шийдлийг зөвлөж байв. Илон Маск нь ОХУ-ын зах зээлд тодорхой бизнес үйл ажиллагаа явуулдаггүй бол Шанхай хотод Тесла компанийн томоохон үйлдвэр байгуулан Хятадын зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй автомашин нийлүүлдэг юм.