Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт найман хувийн зээлийг 6 хувь болгохоор тусгасан. Энэ дагуу Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг 6 хувь болгож бууруулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байна.
Уг асуудлаар Барилга хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболдоос тодрууллаа.
-Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгохоор судалж байгаа гэсэн. Энэ ажлын явц ямархуу шатандаа явж байна вэ?
-Одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд 8 хувийн хүүтэй олгосон байна. Зээл авсан иргэдээ судлаад үзэхээр дийлэнхдээ 2 сая төгрөгөөс дээш орлоготой, сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байгаа иргэд байна.
Энэ нь нөгөө талаараа улсын дундаж өрхийн орлого болох 1.3 саяас доош орлоготой иргэд төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр энэ нь яг зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэж ажлын хэсгийнхэн үзэж байна. Яагаад дунд болон дундаас доош орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна вэ гээд үзэхээр сарын төлөлт нь тухайн өрхийн орлогоос өндөр байна гэсэн шаардлагаар банкнаас буцаад байна. Тиймээс ажлын хэсэг энэ байдлыг судлаад хүүг бууруулах нь хамгийн найдвартай, боломжтой юм байна гэж үзээд 6 хувийн зээлийг үргэлжлүүлэх судалгаа тооцоо гаргаад байна.
-Найман хувийн зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгож бууруулах боломжтой юу?
-Найман хувийн зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулаад банкны шаардлагаа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. Мөн 8 хувийн зээлтэй иргэдийг 6 хувь руу шилжүүлье гэвэл улсын төсөвт 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Цар тахлын үед энэ их санхүүжилтийг тусгах боломжгүй. Мөн нэгэнт байрандаа орчихсон иргэдээ санхүүжүүлж байхаар шинэ зээлдэгч нарт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин найман хувиар байраа авсан иргэд зээлээ дуусгаад шинээр байр авах бол 6 хувиар авах боломж нь нээлттэй.