Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан

Авлигатай тэмцэх газрын  Судалгаа шинжилгээний албаны  дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяртай “Шударга байдлын үнэлгээ”-тэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-“Шударга байдлын үнэлгээ-2019”-ийн тайлан гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-АТГ-аас жил болгон “Шударга байдлын үнэлгээ” гэж хийдэг.  “Шударга байдлын үнэлгээ” нь бага байвал тэр хэмжээгээр авлигын эрсдэл өндөр байна гэж үздэг. Бид 0-100 хооронд үнэлгээнд орж байгаа байгууллагуудыг үнэлдэг юм. Бүх яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар гээд нийтдээ 62 байгууллагыг хамруулж, үнэлгээ хийсэн. Эдгээр байгууллагуудаас хамгийн өндөр оноог Соёл урлагийн газар авсан. 100-гаас 83.7 оноо авч, шударга байдал өндөртэй байгууллагаар тодорсон. Гэхдээ Соёл урлагийн газарт 16.3 хувийн авлигын эрсдэл байна аа л гэсэн үг.  Хамгийн бага оноог Гаалийн Ерөнхий газар авсан. 64.8 оноотой. Тэгэхээр ГЕГ 35.2 хувийн авлигын эрсдэлтэй байна.

-“Шударга байдлын үнэлгээ”-г ямар байдлаар тогтоодог вэ?

-Гурван төрлийн төсөөллийн судалгаа авдаг. Тухайн байгууллагаар үйлчлүүлээд гарсан хүнээс асуулга авна. “Энэ байгууллагын албан тушаалтнууд танд үйлчлэхдээ ямар нэгэн хүнд суртал гаргасан уу, ил тод байж чадсан уу, өгөх ёстой мэдээллээ өгсөн үү. Ёс суртахуун, зан харилцаа нь ямар байна гэх мэт асуулт асууна. Түүнээс гадна, тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс судалгаа авдаг. “Танай байгууллагын удирдлагууд чинь авлигын эсрэг манлайлалтай байна уу. Өөрсдөө үлгэрлэж чаддаг уу. Дотоод хяналт хэр вэ. Хүний нөөцтэй холбоотой гаргаж байгаа шийдвэр нь шударга, ил тод уу. Хууль зүйн дагуу байж чаддаг уу. Зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцдог уу. Эрх тэгш, шударга байдаг уу. Түүнийгээ нийтэд мэдээлдэг үү” гэх мэт асуулт асууна. Ажлын нөхцөл байдалд шууд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нь асуудаг гэсэн үг. Гуравдугаарт, тухайн байгууллагын талаар судалгаа хийдэг, бодлогын шинжтэй шийдвэр гаргахад оролцдог шинжээчдийн үнэлгээг авдаг.

Шинжээчид илүү томоор харна. Үйлчлүүлж байгаа хүмүс зөвхөн өөрийнхөө үйлчлүүлсэн үеийн сэтгэгдлээр үнэлгээ өгнө. Тухайн байгууллагад ажилладаг хүмүүс ажилтан гэдэг өнцгөөсөө харж үнэлгээгээ өгдөг. Тэгвэл бодлогод оролцогчид дээрээс нь, эсвэл хөндлөнгөөс харж, ямар нэг ашиг сонирхол байхгүйгээр үнэлгээ өгдөг. Энэ гурван үнэлгээг нийлүүлж, дүгнэдэг. Ингэж л жагсаалтыг гаргадаг юм.

-Судалгаанд хамруулсан байгууллагуудад давтагдаж байгаа алдаа, дутагдал нь юу вэ?

 -Аль ч байгууллагад нийтлэг тохиолддог, засах ёстой дутагдал байна. Ил тод байдал сул. Байгууллагууд хүмүүст мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл мэдээлэл бага өгдөг. Мөн удирдлагын манлайлал их сул байгаа. Тухайн байгууллагын албан тушаалтнууд авлигын эсрэг үйл ажиллагаанд ажилчдаа татан оролцуулж, өөрсдөө үлгэрлэх нь чухал байдаг. Өөрсдөө үлгэрлэхгүй, шударга бус хандаад, шийдвэр гаргаж байгаа үндэслэл нь сулавтар, хууль зөрчсөн маягтай. Хүн авахдаа ч гэсэн зохих журам, мерит зарчмыг баримтлахгүй. Эсвэл ороод удаагүй байгаа хүнийг гэнэт дарга болгодог. Хөндлөнгөөс мэргэжлийн бус хүн авчраад, томилдог жишээ байна. Үүний цаана, углуургаар нь аваад үзвэл улстөржилт, танил тал, нутаг нуга гэх мэт асуудал байгаа. Эдгээрээс болж байгууллагууд оноо их алдаж байна. Түүнээс гадна, байгууллагуудын анхаарах ёстой нэг зүйл нь, авлигыг хянадаг дотоод механизм бий болгох хэрэгтэй. Дотоод хяналтын ажилтан нь хараат бус, хөндлөнгийн байх ёстой.

Шүгэл үлээгчийг хамгаалах механизм гэж бас бий. Гадаад орнуудад байгууллагууд нь хэрэгжүүлдэг юм билээ.  “Манай байгууллагын талаар мэдээлэл өгөх бол ийм утас руу ярина уу, энэ хаягаар мэдээлэл ирүүлнэ үү. Тийм ажилтанд хандаж уулзаж болно” гээд бүр тусдаа сувагтай. Хүн мэдээлэл өгөх боломжийг маш өндөр хангасан. Манайд болохоор эсрэгээрээ. Иргэн “Танай байгууллагын тэр ажилтан намайг ингэж чирэгдүүлж байна” гээд өргөдөл өгдөг. Гэтэл өнөөх өргөдлийг нь чирэгдүүлээд байгаа ажилтанд нь цохоод өгчихдөг. Уг нь арай дээд удирдлагын хүнд өгвөл үр дүн гарна биз дээ. Гэтэл иргэдийг чирэгдүүлээд байгаа ажилтанд өөрт нь өргөдөл, гомдлыг нь өгчихөөр “Чи яагаад хүн матаад, хов зөөгөөд яваад байгаа юм” гэж загнах жишээтэй. Энэ чинь авлига хянах механизм нь сул байна гэсэн үг.  Ийм байвал иргэд дахиад өргөдөл, гомдол өгөхөө больчихно. Гэх мэт дутагдалтай, алдаатай зүйл их байна.

Бас соёлын индекс гэж байгаа. Чадварлаг ажилтан мөртлөө тухайн байгууллагын дотоод уур амьсгалыг эвддэг, өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг хэрэглүүр болгож ашигладаг хүний байлгах хэрэггүй гэдэг зарчим бий. Яагаад гэвэл, хамтарч, нэг зорилгын төлөө биш өөрөө албан тушаал ахих сонирхолтой хүн байвал нэг бол засаж авах. Эсвэл халах л ёстой. Соёлын индекс гэж үүнийг хэлээд байгаа юм. Гэтэл байгууллагын соёл тааруутай, хов жив хөөцөлддөг хүмүүсийг хөөрөгддөг, шагнал урамшуулал өгөх болохоор шударга бус ханддаг. Танил талдаа шагналаа өгдөг. Мөрөөрөө ажлаа хийгээд, сайн ажилладаг нь сугарч үлддэг. Шударга бус байдал ноёрхсон газар угаасаа л болохгүй, бүтэхгүй зүйл гарч таарна. Иймэрхүү асуудал манай байгууллагуудад их байдаг.

Манай аль ч байгууллагад мэргэжлийн менежер гэхээсээ илүү дарга нар их байна.  Хүнд тушаал өгөөд л суугаад байдаг. Дарга байх уу, манлайлагч байх уу гэдэг чинь хоёр өөр асуудал. 

-Шударга байдлын үнэлгээг хэдэн оноос эхэлж хийсэн билээ?

-Бид “Авлигын индекс” гэдэг нэрээр 3 жил хийсэн. “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ” гэдгээр 3 жил хийсэн юм. Дараа нь аргачлалаа өөрчлөөд, 2015, 2017 онд хоёр удаа хийсэн. Улмаар 2018, 2019 онд “Шударга байдлын үнэлгээ” гэдгээр дөрөв дэх удаагаа хийж байна. 

-Авлигын эрсдэл өндөртэй гарч байгаа байгууллагууд руу хандаж, эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллана биз дээ?

-Авлигын эрсдэлийн үнэлгээ гэж тусдаа бий. “Шударга байдлын үнэлгээ” гэдэг хүмүүсийн төсөөллийн үнэлгээ байхгүй юу. Бодит практик гэхээсээ илүү хүмүүсийн мэдээллийг л тоогоор илэрхийлж байна гэсэн үг. Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тусдаа аргачлалтай. Хүмүүсээс санаа бодлыг нь сонсох биш тэр байгууллагын үйл ажиллагааны үндэслэл болсон бүх эрх зүйн актыг судална. Гаргасан бүх шийдвэрүүдийнх нь үндэслэлийг үзнэ. Сүүлийн нэг жилийн хугацааных нь ч юм уу. Тэр байгууллагын талаар гарч байгаа шүүхийн шийдвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг шүүнэ. Бүхий л төрлийн цаасан болон цахим мэдээллийг үзнэ. Хүмүүстэй нь ганцаарчилсан ярилцлага хийнэ. Бүр ухаж үзнэ гэсэн үг.  “Шударга байдлын үнэлгээ”-гээр хамгийн бага оноо авсан байгууллагуудад Авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн үг. Боломж нь байвал 10, үгүй бол 5 ч юм уу.  Хөрөнгө мөнгөний боломж гарвал 3 агентлаг, 3 яам, 3 ЗДТГ-ыг нарийвчилсан судалгаа хийх байх.

Яагаад ийм муу үнэлгээ авав, яг юундаа байв гэдгийг нь тогтооно. Түүнийхээ дараа урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сургалтын ажлыг хийнэ.  Ганцхан энэ байгууллагуудын өөрсдийнх нь 100 хувь буруу гэж байхгүй. Тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүст учир их бий. Ялангуяа эмнэлэг, гааль, боловсролын байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ухамсар дорой байна. Дугаарлаж байгаад үзүүлэхийн хооронд танил тал хайна. Дараалал дайрна, эмч, багшийн уурыг хүргэнэ. Нөгөөдүүл нь өдөр болгон уурласаар байгаад бухимдалтай болчихдог. Жаахан уурлахаар нь хүмүүс төрийн албан хаагч байж ингэлээ, тэглээ гэдэг. Тиймээс бид ганцхан төрийн албан хаагчид биш үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хандлагад анхаарах ёстой болчихоод байна.

-“Шударга байдлын үнэлгээ” хийхээс гадна авлигын нөхцөл байдлыг үнэлдэг байх аа?

-2019 онд авлигын асуудалтай ямар салбар байна вэ гэдгийг үнэлж үзсэн.  Судалгаанд 9555 хүн оролцсон. 21 аймаг, нийслэлийг хамааруулж судалгаа хийсэн. 9555 хүний 53.3 хувь нь шүүх хамгийн их авлигатай байна гэж үзсэн. 2018 онд судалгаанд оролцогчдын 49 хувь нь хамгийн их авлигатай салбараар шүүхийг нэрлэж байсан. Хамгийн өндөр нь хэвээрээ л байна. Бүр хувь нь нэмэгдчихсэн. Тэгвэл 2019 онд судалгаанд оролцогчдын 48 хувь нь гаалийг, мэргэжлийн хяналтыг 44.6, газрын албыг 42.9, эрүүл мэндийн салбарыг 42.6 хувь нь авлига ихтэй гэж үзсэн. 

admin

Read Previous

Кноп “зарахаас” өөр шидгүй бие даагчдаас татгалзая

Read Next

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *