14 хоногийн хугацаанд 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ

Өнгөрсөн 14 хоногт гарсан зам тээврийн осол болон гэмт хэрэг, аюулт үзэгдэл, гал түймрийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Өнгөрсөн 14 хоногт хяналт шалгалтаар 38,308, теле камераар 27,086 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1,189 зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авлаа. 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. 44 явган зорчигч зам тээврийн осолд өртөж, гурван хүн нас барсан” гэв.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногт 21 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан.

6,811 зөрчил бүртгэгдсэн нь 47.4 хувиар буурсан үзүүлэлт. Залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжиж, өсөх хандлагатай” байгааг хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 98 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 620 гаруй иргэнийг аварч, 32.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1,524, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 173, нийт 1,703 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өссөн үзүүлэлт” гэв.

Нийслэлийн захын гурван дүүрэгт цасанд суусан 21, эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлагад 108 албан хаагч, 24 машин, техниктэйгээр  ажиллаж, 263 автомашиныг цаснаас гарган, 608 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.  

admin

Read Previous

О.Мөнхсайхан: Нэр дэвшигчийн сонсгол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна

Read Next

“ААН, байгууллагуудын цахилгааны төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *