Итали улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар Жоржиа Мелони томилогдов

Барууны үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийн эвслийн тэргүүн Жоржиа Мелонийг өчигдөр Итали улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилжээ.

Тэрбээр Европын нэгдлийг болон цагаачлалыг эсэргүүцэгч, пост-фашист нам болох Италийн Ахан дүүсийн тэргүүн юм. Өөрөөр хэлбэл Муссолинигийн фашист дэглэмийн хөрсөн дээр байгуулагдсан түүхтэй нам гэгддэг.

Мелонигийн нам есдүгээр сарын 25-нд болсон парламентын сонгуульд ялсан ч засгийн газар байгуулахын тулд бусад намын дэмжлэг авах хэрэгтэй байжээ.

Урьд өмнө нь хэзээ ч засгийн газар байгуулж байгаагүй Италийн Ахан дүүс нам Европын Холбооны гурав дахь том эдийн засагтай улсыг удирдах болсон нь түүхэн үйл явдалд тооцогдож байна.

45 настай, Ром хотын уугуул Мелони өнөөдөр засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, ерөнхийлөгч Сержио Маттарелагийн өмнө тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орно.

Ерөнхий сайдад томилогдсоныхоо дараа хамгийн түрүүнд тэр өмнөх ерөнхий сайд Марио Драгигийн засгийн газарт ажиллаж байсан Жанкарло Жоржеттийг эдийн засгийн сайдаар томилохоо мэдэгдсэн юм.

Түүнийг Маттео Салвинигийн баруун жигүүрийн Лиг намынхан дотор хамгийн аядуу зөөлөн байр суурьтай, Европын нэгдлийг дэмжигч улс төрч гэж үздэг.

Мелонигийн Италийн Ахан дүүс нам парламентын сонгуульд 26 хувийн санал авсан бол бусад холбоотнууд нь болох Форза Италиа нам найм, баруун жигүүрийн Лиг нам есөн хувийн санал авч байжээ.

Барууны эвслийн гол санал зөрөлдөж буй асуудал нь Украины дайн болоод байгаа.

Форза Италиа намын тэргүүн, ерөнхий сайд асан Силвио Берлускони нь Кремльтэй ойр харилцаатай, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг дайнд буруутгаж байсан удаатай.

Баруун жигүүрийн Лиг намын тэргүүн Салвини нь мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй сайн харилцаатай, Оросын эсрэг тавьсан Өрнөдийн хоригийг шүүмжилж байжээ.

Хэдийгээр Европын нэгдлийг эсэргүүцдэг ч Мелони Украиныг дэмжсэн байр суурь тууштай илэрхийлдэг нь түүнийг бусад холбоотнуудаасаа ялгаруулж байна.

“Би тодорхой, хоёрдмол утгагүй гадаад бодлоготой засгийн газрыг удирдах бодолтой байна. Итали улс бол Европ болон Атлантын Эвслийн бүрэн бүтэн, итгэл дүүрэн нэг хэсэг юм. Энэ байр суурийг эсэргүүцсэн хэн ч манай засгийн газарт байх ёсгүй. Бүр энэ зөрчлөөс болоод засгийн газрыг нураасан ч болно” гэж тэр хэлж байжээ.

Мелони нь өсвөр насандаа фашист диктатор Бенито Муссолинигийн фэн байсан гэгддэг. Гэхдээ тэр сүүлийн жилүүдэд намынхаа пост-фашист өнгөрсөн үеэс зай барих болсон юм.

Мелонийг эдийн засгийн хямралаас улс орноо аврах хүнд даалгавар хүлээж байна.

Есдүгээр сарын байдлаар Италид инфляц өмнөх оноос 8.9 хувиар өсөөд байгаа. Гадаад өрийн хэмжээ нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 150 хувьд хүрсэн байна.

Энэ нь Евро бүсийн орнууд дотроос зөвхөн Грекийн дараа орох муу үзүүлэлт юм.

Өчигдөр ерөнхий сайдын хувиар сүүлчийн үгээ хэлэхдээ Марио Драги залгамжлагчдаа “нэгдсэн Европ бол авралын од юм” гэж захижээ.

“Европын Холбоо бол аюулгүй, тогтвортой байдал, энх тайвны баталгаа. Бид энэ авралын одыг цаашдаа чиг баримжаагаа болгох ёстой. Ялангуяа энэ хүнд цаг үед” гэж Драги хэлсэн юм.

admin

Read Previous

С.Хүрэлбаатар: Гадаадын банк оруулж ирж, бүтээн байгуулалт хийж буй ААН-үүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байна

Read Next

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНЭУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *