Унгар: Ардчиллаас популизм руу

Унгар улс коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан хүнд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор болсон бөгөөд шинэ хууль өчигдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ хууль нь тус улсын сэтгүүлчдэд ихээхэн дарамт, шахалт болж магадгүй байгаа талаар “Theguardian” мэдээлжээ. Учир нь, өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхий сайд Виктор Орбанд онцгой байдлын үед бүх эрх мэдлийг олгосон ээдрээт хуулийг дуусах хугацаагүйгээр баталж орхисон.

Ингэснээр коронавирусийн нөлөө будапештын тамирдсан ардчиллыг бүх талаар улам эмзэг болгохоос гадна Виктор Орбаныг улам эрх мэдэлтэй болгож буйг судлаачид онцолж байна. Үүнээс гадна коммунизмын дараа үлгэр жишээ ардчилсан орон болж байсан тус улсад ардчилал бүрэн утгаараа хэрэгжихгүй харин ч эсрэгээрээ популизм хүчээ авч байна гэх шүүмжлэл сүүлийн үед газар авсаар байгаа юм.

Тус улсын ерөнхий сайд Виктор Орбан дөрөв дэх удаагаа сонгогдож, 2010 оноос хойш тасралтгүй ес дэх жилдээ унгар улсыг удирдаж байгаа. Түүнийг дэлхий дахин шинэ үеийн популист хэмээн нэрийддэг. Орбан өөрөө ч гэсэн унгарын ардчиллыг “Ардчилсан бус ардчилал” гэж тодорхойлдог. Одоогоор тус улсад шүүхийн бие даасан байдал хязгаарлагдаж, үндсэн хуулийн хамгаалалт сулраад байгаа юм.

Мөн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүй болгож, цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг монополчлоод буй. Итгэл үнэмшил нь институцлэгдсэн авлигад автсан бөгөөд улс төрийн элитүүд өөрсдийн олигархыг бий болгож, шагнадаг. Үүнээс гадна орбаны тэргүүлдэг “Фидесз” нам парламентад олонх бөгөөд өөрсдийгөө ард түмэн жинхэнэ төлөөлөл гэж үздэг учир улс төрийн баримжаа нь олон ургальч үзэл, эрх мэдлийн хуваарилалт, хуулийн хүрээн дэх сөрөг хүчний эсрэг чиглэгдсэн байдаг.

Виктор Орбаны хэрэгжүүлж буй популизмын энэ хэлбэрийг зарим судлаач зөөлөн фашизм ч гэж тодорхойлоод байгаа юм. 2010 онд орбаныг засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зах зээлээс хурдацтайгаар шахагдаж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн 2017 онд Тус улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 90 орчим хувь нь засгийн газрын болон “Фидесз” намын мэдлийнх болжээ. Түүнчлэн өөрсдөдөө давуу эрх олгохын тулд улс төрийн системийг өөрчлөх болсон байна.

Үүнээс гадна сонгуулийн кампанит ажлын үеэр орон нутгийн буюу намын харьяаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн эрх баригч буюу “Фидесз” намын талаар л эерэг мэдээлэл бэлтгэн гаргадаг аж. Харин цөөхөн хэдэн чөлөөт хэвлэл нь улс төрийн сэдвээр бичих эрхгүй байдаг гэнэ. Өнгөрсөн 2018 онд болсон сонгуулиар сонгуулийн 63 тойргоос 36-д нь будлиан гарсан байх жишээтэй. Ер нь унгарыг европын холбооны авья гээд авч болохгүй хаях гээд хаяж болохгүй шүдний өвчин болоод байгааг томоохон хэвлэлүүд онцолж байгаа юм. Тайван замаар ардчилал руу шилжсэн энэ улс хэдийн ардчиллаас популизм руу бүдэрсэн гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

https://www.Theguardian.Com/ world/2020/apr/03/hungarian-journalists-fear-coronavirus-law-maybe-used-to-jail-them

admin

Read Previous

НАМУУДАД МӨНГӨН АМЛАЛТУУДАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХАСАХ ТАВ ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЛӨӨ

Read Next

ЯАРМАГТ БАРИГДАЖ БУЙ ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ТӨВ ЭМНЭЛЭГ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *