Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа иргэдийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргах боломжийг судалж байна

ЭМЯ-аас өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийхдээ Жаргалантын амны сувилалд тусгаарлагдсан иргэд халуунаа үзүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Зарим иргэд бусдыгаа уриалж, бөөнөөрөө эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаагийн байгууллагад хандсан хэмээн мэдээлсэн билээ. Харин тус сувилалд тусгаарлагдсан иргэдийн төлөөлөл өдрийн 80 мянган төгрөгөөр тооцож төлбөр авна гэсэн. 14 хоноход 1.1 сая төгрөг төлөх болчихоод байна. Энэ талаар л тодруулж, хариулт өгөхийг хүссэн хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.

-14 хоногийн хугацаанд тусгаарлаж, ажиглалтад байлгаж байгаа хүмүүсээс төлбөр авч байгаа юм уу.  Төлбөр авна гэснээс үүдэлтэйгээр хэл ам гарсан юм биш үү?

-Ажиглалтад байгаа хүмүүсээс одоогоор төлбөр мөнгө төлсөн хүн байхгүй. Улсын онцгой коимссоос өгсөн чиглэлийн дагуу нэг иргэнд хэдий хэмжээний өртөг зарцуулж байна вэ гэдэг тооцооллыг гаргаж байгаа. Сангийн яам, ХНХЯ зэрэг холбогдох газрууд энэ асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллаж байна.   “Жаргалант”-ын аман дахь Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа сувилалд одоогоор 34 хүн тусгаарлагдсан. Эхний үед Солонгосоос ирсэн зарим иргэд гомдол гаргаж байсан.  Харин одоо ямар ч гомдол, санал гаргахгүй байгаа. Ажиглалт үргэлжилж байна. 

-Солонгосоос 6000 гаруй иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Хэрвээ ийм хэмжээний иргэд ирвэл тусгаарлах уу.  Тусгаарлах байрны хүрэлцээ ямар байгаа вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрээр Итали, Япон, Солонгос, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг эх орондоо оруулж ирэхгүй байгаа.  Харин энэ улсуудаас ирж байгаа Монгол Улсын иргэд орж ирсэн эхний өдрөөсөө эхлээд 14 хоног тусгаарлалтад орж, ажиглалтад байна. Ийм тогтоол ч гарсан. Бид энэ мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ өгч байгаа. Хэрвээ та бүхэн Монголдоо ирнэ гэвэл 14 хоног заавал тусгаарлагдаж, ажиглалтад байх юм шүү гэдэг мэдээллийг өгч байна. Харин одоо яг хэдэн хүн эх орондоо ирэх гэж байна вэ гэдэг нарийн тоог мэдэхгүй байгаа. Тоо минут, цаг тутамд хөдөлж, өөрчлөгдөж байдаг. Онгоцны бүртгэл хийгээд ирэхээр л яг хэзээ, хэдэн хүн ирэх гэж байгааг мэдэж байна. 

-Яамдууд судалж байна гэсэн. Яг ямар шийдэл хайж байгаа юм бол?

-Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яамыг оролцуулж байгаа нь Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангаас хөрөнгө мөнгө гаргах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Одоогоор бид ямар боломж байж болох талаар ярилцаж байна. Хараахан шийдвэр гараагүй. 

-Иргэдээс төлбөр авахгүй талаас нь ярилцаж байна гэж ойлгож болох уу?

-Одоогоор яг тэгж хэлэхэд хэцүү байна. Боломж нөхцлөө судалж л байна. 

admin

Read Previous

ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР Д.АДИЛБАЯР, Б.ЦОЛМОН НАРТ ЯЛ ОНООВ

Read Next

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *