Төрийн шийдвэрийг үл тоогсдод торгуул хэрэгтэй

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өглөө өгсөн мэдээллээр “Шинэ төрлийн коронавирус цар тахал болохын ирмэг дээр байна гэж ДЭМБ мэдэгдэж байгаа” гэсэн.  Энэ бол аюул ямар ойрхон байгааг илтгэж буй хэрэг. Хэдийгээр Хятадад өвчилж буй болон нас барж байгаа хүний тоо өдрөөс өдөрт буурч байна.  Гэвч БНСУ-д энэ өвчин голомтлон гарч байгаа. Өчигдрийн байдлаар дэлхийн 42 оронд энэ вирус илэрчихлээ.  Манай улс аюулт тахлаас урьдчилан сэргийлэхийн төлөө хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдийг аль болох гэр гэртээ байж, бөөнөөрөө цугларахгүй байхыг сануулсан.

Зуу зуун жилийн турш уламжлал болгон тэмдэглэж ирсэн цагаан сарын баяраа ч хийхгүй байхаар шийдсэн. Улсынх нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь өөрийн биеэр цагаан сар тэмдэглэхгүй байхыг уриалж, гуйсан.  Улсын онцгой комиссоос нь хөдөө орон нутаг руу явахыг тодорхой хугацаагаар хориглов.  Иргэдийн дийлэнх нь энэ шийдвэрийг уриалгахан хүлээж авч, дагаж мөрдлөө.  Гэвч цөөнгүй нь дагаж мөрдөлгүй, цагаан сараар айл хэсэж, хөдөө гадаа явж, дураараа дургив. 

Хорио, цээрийн хугацааг сунгана гэж бодоогүй учраас хөдөө явсан гэж ихэнх нь биеэ өмөөрөх байх.  Ганц уламжлалт баяраараа ахмад настандаа очиж золголгүй яахав гэж ч ам хэлээ уралдуулах биз.  Хэзээ, хаашаа явах, хэнтэйгээ золгохоо бид өөрсдөө мэднэ гэж ч муйхарлана байх. Тиймээ, та нарын эрх. Гэхдээ нэг хүний эрх нийтийн эрх ашиг, аюулгүй байдлаас давах ёсгүй юм шүү. Хөдөө битгий яваарай гээд байхад л бөөн бөөнөөрөө орон нутаг руу явчихаж.  Хязгаарлалт сунгачихаар “Би ч ажилтай, амьдрал хэцүүдлээ, тийм ч зовлонтой байна” гэх мэт шалтаг хэлээд, хот руу орох гэж дайрч байна”  

Өчигдөр нэгэн эмэгтэй гэдсэндээ хувцас хийж, “Би жирэмсэн” хэмээн худлаа хэлж, Улаанбаатар хот руу орох гэж байгаад баригдлаа. Тиймээс Зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгсөн байна.  Энэ бол хар амиа бодсон, нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг.  Битгий яв гээд байхад явчихаад, хорио сунгачихаад байхад Улаанбаатар хот руу орох гэж янз бүрээр оролдож, дайрч байгаа болгон л нийтийн эсрэг заналхийлэл үйлдэж байна. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нь коронавирусын голомт болсон БНСУ-аас ирчихээд тусгаарлагдахгүй гэж “томорч”  байгаад гавлуулж явсан байсан. Мөн Ерөнхий сайд түүнийг ажлаас нь халсан байна билээ. Зөв, төрийн шийдвэр хэрэгждэг байх ёстой. 

“Монголд өвчлөл гараагүй байхад сүржигнэлээ” гэж байгаа биз, тэд. Үгүй ээ, бид сүржигнэх ёстой. Хот руу орох гэж дайрч, элдэв арга хэрэглэж байгаа бүх хүнийг торго, Зөрчлийн хуулиар шийтгэ.  Энэ онц аюултай үед хэн ч хууль, журам, онцгой байдлыг зөрчиж, дураараа авирлах эрхгүй.  Товчоод цугларч, цагдаа, хяналтын ажилчдад төвөг удаж байгаа хүмүүст ч хариуцлага тооцох хэрэгтэй.  Ихэнх нь хөдөө явахгүй, айл хэсэхгүй гэртээ байгаад байж болдог. Зарим нь дураараа авирлаж, хөдөө гадаа руу явчихаад УОК-ын шийдвэр руу “дунд хуруу” гарагх ёстой юм уу.  

admin

Read Previous

МАРГААШНААС ЭХЛЭН ХОТ ХООРОНДЫН АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООНО

Read Next

Б.ГАНХУЯГ: ЭНЭ САРЫН 15-ААС НҮҮРСЭЭ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДОР ЭКСПОРТЛОНО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *