ЦЭЦ ХЭЗЭЭ ХУРАЛДАХ ВЭ

Үндсэн хуулийн цэц энэ сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтсон юм. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байлаа.

Мөн УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж нарын иргэд энэ сарын 6-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1, 6.2. 72.1 нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн мэдээлэл гаргажээ. Үүнээс өмнө өнгөрсөн оны сүүлээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх 10 өргөдөл Цэцэд хүргүүлээд байна.  Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол ч Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж нэр бүхий хуульчид өнгөрсөн баасан гарагт Цэцэд хандсан. 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар өргөдөл, мэдээллийг хүлээн авсан Цэцийн гишүүн 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэх ёстой. Гэсэн ч дунд суудлын хуралдаанаа хойшлууллаа. Цэцийн хуралдаан хойшилсон талаар “Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй. Тасралтгүй, хэвийн  үргэлжилж байгаа. Иргэдээс ирүүлж буй өргөдөл, мэдээллийг хүлээн авах, Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн эсэх, маргаан үүсгэх эсэхийг хянан шийдвэрлэх, маргаантай холбоотой лавлагаа, нотлох баримт гаргуулж авах, судалгаа хийх, бага суудлын хуралдаан хийх зэргээр  маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах  бэлтгэл ажил цаг хугацаандаа хийгдэж байна” хэмээн  Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас нь мэдэгдээд байна. Ийнхүү Цэц хэзээ хуралдаж, хуримтлагдсан өргөдлүүдийг хэлэлцэх нь тодорхойгүй байна. 

admin

Read Previous

АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮД ЯМАР ШАТАНДАА ЯВАА ВЭ?

Read Next

БНСУ-д коронавирусний эм, вакцины судалгааг эхлүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *