Н.НОМТОЙБАЯРЫН ХУВЬ ЗАЯАГ ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ШИЙДНЭ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 16-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу  асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв. Гэвч парламент хугацаа сунгаад ч юмуу хууль зөрчөөд ч юмуу асуудлыг 14 хоногийн дараа шийдвэрлэв. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хуралдааны үеэр намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд явахыг санал болгосон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжиж, байнгын хороод дэмжсэнгүй. 

Харин өчигдөр үдээс өмнө чуулганы хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцээд нууц санал хураалт явуулж, УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн ч уг саналыг баталгаажуулах тогтоолын төслийг илээр батлахад гишүүд дэмжсэнгүй. Улмаар чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Хаалттай хаалганы цаана түүнийг парламентаас түр явуулах шийдвэр гарч байгаатай зэрэгцэн өөрөө хүсэлтээ өгч байгаа үйл явц болж өнгөрөв. 

Харин удалгүй чуулган цаг сунган хуралдаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар унагасан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг баталгаажуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дахин босгож дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түр түдгэлзүүлэв. Түдгэлзүүлсэн тул чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авах боломжгүй болж таарч байгаа юм дагуу даа.  

Ийнхүү муухан найруулсан драм Төрийн ордонд тоглогдож дууслаа. Чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Н.Номтойбаярыг түдгэлзүүлсэн парламентын жүжиг төгссөн гэсэн үг. 

Харин одоо Н.Номтойбаярын ирээдүй хэрхэхийг хууль хяналтынхан шийднэ.  Одоогоор Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно” гэдгийг Ерөнхий прокурор мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр бүрэн эрхгүй болсон Н.Номтойбаяр жирийн иргэний хувиар шалгуулна. Түүний хувь заяаг хууль шүүхийнхэн шийднэ гэсэн үг. 

admin

Read Previous

УХАНИАС ОЮУТНАА ТАТАХ ХҮСЭЛТИЙГ БНХАУ-ЫН ТАЛ ХҮЛЭЭН АВЛАА

Read Next

Ч.УЛААН САЙД МАХНЫ ҮНИЙГ ТОЛГОЙГООРОО ХАРИУЦСАН БИЛ ҮҮ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *