Кноп “зарахаас” өөр шидгүй бие даагчдаас татгалзая

УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургадугаар сард болно. Сүүлийн жилүүдэд Төрийн нэр хүнд унаж, улс төрийн намуудыг үзэн ядах “аян” өрнөж эхэлсэн. Магадгүй жижиг намуудын явуулдаг пи ар ч байж болох юм. Ямар ч байсан АН, МАН-ыг сонгохгүй гэх бяцхан “аян” одоо ч өрнөж л байгаа.  Энэ сиймхийгээр нь бие даан нэр дэвшиж, УИХ-д суух сонирхолтой хүмүүс борооны дараах мөөг шиг олшров.  Ганц хоёрхон дуутай дуучин, ийм ч хөдөлгөөний тэргүүн, тийм ч иргэний нийгмийн байгууллагын дарга, ТББ-ын удирдлага гээд эрээвэр хураавар баахан Төрийн ордонд сууж, төсвийн мөнгө “цохих” мөрөөдөлтэй олон хүн 2016 онд бие дааж өрсөлдөж байлаа. 

Нэг цочирдмоор нь, бие даан нэр дэвшигчид 90 байсан гэхээр л…Ерөөс жил ирэх тусам бие даан нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж байгаа. 2004 онд 15 хүн бие дааж сонгуульд өрсөлдөж байсан бол 2008 онд 45, 2012 онд 26, 2016 онд 90 бие даагч нэр дэвшжээ.  2004 оны сонгуульд 15 хүн бие даасан ч 3-хан л сонгогдож байсан.  Р.Одхүү, С.Амаржаргал, Я.Санжмятав  нар. 2012 онд 26 хүн бие даагаад, мөн л гурав нь сонгогдсон нь хамгийн их.  Тэр жил Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар. Бусад жилүүдэд, тухайлбал 2000 онд Л.Гүндалай, 2008 онд З.Алтай нар бие дааж өрсөлдөөд, ялалт байгуулж байсан түүхтэй.  Харин 2016 онд хамгийн их буюу 90 бие даагч өрсөлдөхөд ердөө ганцхан нь буюу дуучин С.Жавхлан сонгогдсон.  

2000 оноос хойш 5 сонгууль болж, 203 хүн бие дааж сонгуульд өрсөлдсөнөөс 9 нь сонгогдож байжээ. Бие даагчид сонгогдоод юу хийсэн билээ. Угаасаа юу ч хийхгүй. Хийх ч боломж байхгүй. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай. Сонгуульд ялсан нам Төрийн эрхийг авч, Засгийн газраа байгуулж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бодлогоо гаргаж ажилладаг.  Тиймээс ганц, эсвэл гурван бие даагч УИХ-д орж ирээд ямар ч нөлөөгүй.  Сайндаа л кнопоо “зарах”-аас өөр олигтой юм хийхгүй. Өнгөрсөн жилүүдийг харахад ч тийм л байсан. 

2000 онд гарч ирсэн Л.Гүндалай үг хэлнэ гэж баахан бичиг цаас барьж, чуулганы хуралдаан бужигнуулахаас өөр юу хийсэн юм. Түүнийг бие дааж нэр дэвшсэн учраас л ард иргэд сонгосон. Гэтэл бүрэн эрхийнх хугацаа дуусаагүй байхад АН-д элссэн.  2004 оны сонгуулиар АН-аас нэр дэвшиж, сонгогдсон мөртлөө замын дундаас нүүрээ буруулж, өөр нам байгуулаад арилсан. Зорилго нь УИХ-д суудалтай нам гэсэн нэр зүүж, Засгийн газарт орох байсан биз. Тэгж ч чадсан. 

2004 онд бие даасан гурав үнэндээ бол АН-ынхан. Тэр жил тойрог олдоогүй учраас бие дааж нэр дэвшээд, ялчихсан. Дараа нь эргээд намдаа орсон. Одоо ч АН-ын гишүүн хэвээрээ.  2008 онд З.Алтай сонгогдоод, дөрвөн жил тэгс ингэс гэж явсаар дуусгасан.  Угаасаа ганц хүн амлалт биелүүлж, бодлого хэрэгжүүлнэ гэдэг бүтэхгүйг өөрөө сонгогчиддоо хэлж байсан шударга хүн. 

2012 онд Ц.Даваасүрэн гишүүн нам нь “жийсэн” учраас Хөвсгөлд бие даагаад, гарчихсан. Гишүүн асан С.Ганбаатар тухайн жил рейтинг өндөртэй байсан, тиймдээ ч сонгогдсон.  Гурван бие даагч нэг иймэрхүү л түүхтэй. Тэд ажиллах хугацаандаа юу хийлээ. Бие даагчдын зөвлөл байгуулж байна гэж баахан давхисан. С.Ганбаатар нь Оюутолгойгоор дагнаж, баахан дөвчигнөсөн. Засгийн газар бужигнахад аль талд нь орох эсэхээ шийдэх гэх мэт “чухал” ажил л хийж байсан.  Эцэстээ “Бид цөөхөн учраас юу ч шийдэж чадахгүй байна” гэсэн шүү юм яриад, тус тусдаа нам бараадсан. Х.Болорчуулан, Ц.Даваасүрэн нар МАН, С.Ганбаатар МАХН-д орсон.   

2016 онд С.Жавхлан сонгогдож, 4 жил саарал ордонд “төөрлөө”.  Хууль батлагдсаныг ч мэдэхгүй, завсарлага авах гээд л сууж байх жишээтэй. Өнгөрсөн дөрвөн жилд түүний хамгийн сайн хийсэн ажил нь АН, МАН-ын хэдэн гишүүдийг арьс, шир, нэхийгээр нь зогсоо зайгүй дуудав.  Чуулган, байнгын хорооны хурлыг таслалтаараа арай ч Б.Наранхүү гэх мэт “шилдгүүд”-ийг гүйцэхгүй. Гэхдээ л ойрхон өрсөлдөж чадсан.  Мань эрийн гол амлалт, мөрийн хөтөлбөр нь “хомхой сэтгэлтнүүдтэй тэмцэх” гэсэн өвөрмөц зорилготой. Тэмцэж байгаа хэлбэр нь загнах байлаа. Тэгэхээр амлалтаа биелүүлсэн гэж үзэх үү, яах вэ.  

Дөрвөн жил Төрийн ордонд нэг өрөө, чуулганы танхимд нэг сандал бөглөж суучихаад, энэ жил дахиад өрсөлдөх бодолтой байгаа бололтой юм.  Дэмий биз дээ, та зүгээр дуугаа дуул. “Хамаг Монгол” төслөө хэрэгжүүлээд, хамаг монголчуудыг соёлоор нь нэгтгээд, сэтгэл зүрхэнд нь хүрсэн уран бүтээлээ хийгээд явбал С.Жавхлангаар хүн бүр бахархана. Түүнээс биш “С.Жавхлан намд орохгүй.  С.Жавхланд намууд элсэнэ” гэх мэтээр “3 сая инээд” нэвтрүүлэгт л ярьж болох яриаг сонин, хэвлэлээр хэлээд сууж байх нь утгагүй байна. С.Жавхланд элсдэг нам гэж юу байх вэ дээ.  

Хэрвээ тэр нэр дэвшихээр зүтгэж үзвэл, өөр олон “Мөрөөдлийн багт” багтааж болохоор хүмүүс бие даавал сонголтоо мэргэн хийгээрэй дээ, иргэд минь.  Кноп дарахаас өөр шидгүй суудлын бөглөөсүүд энэ төрд хэрэггүй. Харин хэнийг сонгох хүсэлтэй байна, тэр хүнийхээ нэрийг, эрдэмтэн, мэдлэгтнүүдээ нэр дэвшүүлэхийг хоёр, гурван том намаас шаард. 

admin

Read Previous

ЛИВИЙН ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ 16 ДАХИН БУУРЧ МАГАДГҮЙ БАЙНА

Read Next

Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *