Ж.Батбаясгалан: Шахмал түлшийг үйлдвэрлэдэг учраас хязгаарлалт хийхээс өөр аргагүй

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Арваннэгдүгээр  сарын 01-ээс айл бүрт угаар хэмжигч тараана гэсэн юу болсон бэ. Арванхоёрдугаар сар дундаа орчихлоо?

-Утаа мэдрэгчийг 200 гаруй мянган өрхөд хүргэх учраас асуудал бас байна. НЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад,  дундын зуучлагчгүйгээр шууд үйлдвэртэй нь гэрээ хийгээд,  үйлдвэрлэж байна. Угаар хэмжигч Монголд ирэхээр иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Та бүхэн нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийт төрийн албан хаагчид оролцож байгааг мэднэ. Иргэдэд хоёр удаа угаарын хийн хордлогоос сэргийлэх мэдээлэл биечилж хүргэсэн. Яг энэ зарчмаар угаар мэдрэгчийг айлуудад тараахад бэлэн болсон. Тийм  их хэмжээний угаар мэдрэгч үйлдвэрлээд бэлэн байж байдаг үйлдвэр хаана ч байдаггүй юм байна. Тиймээс заавал үйлдвэрлэлийн процесс явагдах ёстой.

-Зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн үү?

-Энэ бол урьдчилсан мэдээлэл байсан. Ийм хэмжээний хөрөнгө болох юм байна гэсэн дээд хэмжээ ярьж байсан. Одоо бол шууд үйлдвэртэй нь холбогдсон учраас хэмнэгдэж байгаа. Яг хэдэн төгрөг болсон талаар нарийн мэдээллийг албан ёсоор дараа хүргэнэ.

-Угаар хэмжигчийг монгол компани, эрдэмтэн үйлдвэрлэх боломж байхад гаднаас захиаллаа гэж иргэд хэвлэлийн хурал хийж байсан. Монгол компаниасаа яагаад аваагүй юм бэ?

-Угаарын хий мэдрэгч үйлдвэрлэж чаддаг нэг ч стандарт үйлдвэр манайд байхгүй. Зүгээр судалгааны ажлууд Монголд  зөндөө байна. Үйлдвэрлэж чадах уу гэхэд чадахгүй гэсэн. Тэгчихээд гараад хэвлэлийн хурал хийж байгаа нь ард түмнээрээ л даажигнаж байна гэсэн үг шүү дээ. Төсвийн хөрөнгө ш дээ. Ард түмний татвар төлж цугларсан хөрөнгийг зүгээр судалгааны ажилд өгдөг хууль байхгүй.

-Авто зам ашигласны төлбөр нэмэх шийдвэр гарсан. Зарцуулалтын задаргаа гарсан уу. 70 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоо хийсэн байсан шүү дээ?

-Авто зам ашигласны  төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон. Энэ бол татвар биш. Авто замын тухай хуулиараа энэ төвлөрсөн мөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй. Хуулиараа хориглочихсон. Тиймээс шинээр авто зам барих, авто замаа шинэчлэх, авто замын байгууламжуудыг шинэчлэх, барих ажилд зарцуулна. Тийм учраас энэ жилд хийгдэх ёстой авто замын мастер төлөвлөгөөний дагуу л энэ ажлууд хийгдэнэ.

-Тухайлбал ямар ажлууд байгаа юм бэ?

-Хэд хэдэн газар нүхэн гарцууд хийх ёстой. Төмөр замтай огтлолцдоггүй байгууламжууд хийх ёстой. Шинээр авто замууд тавих ёстой. Замын ачаалалд  нөлөөлөхүйц авто замууд хийх ёстой. Энэ хүрээнд бэлэн болсон зураг төсөл дээр ажиллахад л зарцуулна.

-Ард иргэдээс яагаад санал асуухгүй шийдчихэж байгаа юм бэ?

-Жил бүрийн төсвөөр хийгдэх ажлуудад иргэд болон бусад төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээс санал авдаг. Ирсэн саналууд дотор авто замууд барих, авто замын байгууламж шинэчлэх, ус зайлуулах систем барих нь иргэдийн хамгийн их хүссэн зүйл байсан. Тиймээс авто зам ашигласны төлбөрийг авто замын байгууламжид ашиглах гэж байна.

-Моторын багтаамжаар нь ялгадаг нь яаж байгаа юм бэ гээд шүүмжлэл бас гарч байна?

-Ялгахаас өөр арга байхгүй. Машинууд овор хэмжээ, эдэлж байгаа дугуйгаараа өөр. Угаасаа ангилж ирсэн юм. Цаашдаа ч ангилна. Замтай харилцаж байгаа харилцаа нь физик утгаараа өөр өөр байгаа. Тийм учраас ялгадаг ёстой, хуультай юм.

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг эргэж харах ямар ч боломжгүй гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн засаг дарга Ерөнхий сайдын чиглэлийг авч үзэх ёстой. Гэхдээ  шийдэх эрх нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа.

-Шахмал түлшний хомсдол үүсчихээд байна. Шар хаданд шахмал түшний цэгт хомсдол үүссэн. Оочир үүссэн байдалтай байна?

-Хуучин түүхий нүүрсийг нэг нүхнээс эксковатораар хутгаж аваад асгаад зарж байсан бол шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Тийм учраас тодорхой хэмжээний хязгаарлалт явахаас өөр аргагүй. Хомсдолд орсон нэг ч асуудал байхгүй. Яг талхтай адилхан. Овоолж байгаад хэрэглэдэг биш. Шахмал түлш гэдэг бүтээгдэхүүн.

-Оочирлоод нүүрс авч чадаагүй болоод таниас асуугаад байна. Иргэд хөлдөж үхэх үү?

-Боломжоороо авна шүү дээ. Үйлдвэрлэлээс нь авч болно.

-Хомсдол үүссэнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Алслагдсан хороодод хүрэлцэхгүй байна шүү дээ?

-Тийм зүйл байхгүй.

admin

Read Previous

Д.Гансүх: Жуулчид Монголд очвол хоол, ундыг нь болгоомжтой хэрэглээрэй гэсэн сөрөг сэтгэгдэл маш их тараадаг

Read Next

Шалгалтаар ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *