Д.Гансүх: Жуулчид Монголд очвол хоол, ундыг нь болгоомжтой хэрэглээрэй гэсэн сөрөг сэтгэгдэл маш их тараадаг

АЖБХН-ийн хүндэт гишүүн, АЖТХТ-ийн УЗ-ийн дарга Д.Гансүхтэй “Торгоны замын аялал жуулчлал ба монгол хоолны үнэ цэн” сэдвээр ярилцлаа.  

-Аялал жуулчлалыг монгол хоолтой холбож судалгаа хийж байгаа гэхээр их сонирхол татаж байна?

-Дэлхий нийтээр нэг талаас улс төр, нөгөө талаас эдийн засагтай холбож “Торгон”-ы замын тухай ярьж байна. Үндсэндээ “Торгоны зам” гэдэг нэр дэлхийд Коко кола, Тоёота гэдэгтэй адилхан брэнд нэр болчихсон. “Торгоны зам”-тай манай улс аялал жуулчлалаа яаж уяж болох вэ гэдгийг сүүлийн хэдэн ярьж байна. Аялал жуулчлалын салбарт олон улсын тавцанд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгохтой холбоотой гарч ирж байгаа юм. Монгол “Торгоны зам”-ын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан улс. Одоогийн эдийн засаг, нийгмийн энэ нөхцөлд бид цаашид бусад улсуудтай өрсөлдөхүйц юу үзүүлж, харуулах.  Бусдаас ялгарах ямар онцлогоор аялал жуулчлалын хөгжилдөө “Торгоны зам” гэдэг брэндийг  ашиглах вэ гэдгийг бодох цаг болсон. Энэ чиглэлээр олон талт судалгааг хийж байна. Орос, Хятад, Казахстан гээд олон улстай хамтарсан бүтээгдэхүүн бий болгох гээд олон чиглэлээр ажиллаж байгаа.

Гэхдээ бидэнд ялгарах зүйл байх ёстой. Ялгарах зүйл гэхээр нүүдлийн соёл, ахуй, зан заншилтай холбогдоно. Нүүдлийн соёлоос жуулчдын ялгарах, хүн бүрийн сонирхлыг татах зүйл нь юу гэхээр, хоол. Тэгэхээр нүүдэлчдийн хоолны соёлыг “Торгоны зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэг үндсэн шижим болгож, анхаарлын түвшинд авч үзэх шаардлагатай. Тэгж ч үзэж судалгаа хийсэн юм.

-Судалгааны үр дүнд ямар сонирхолтой зүйлсийг гаргаж ирэв. Түүнээсээ хуваалцаач?

-Судалгааны гол үр дүн нь энэ чиглэлээр манайд мэдээлэл, тайлан маш хомс гэдгийг гаргаж ирсэн. Бид дотооддоо ч, гадаадад ч монгол хоолоо зөв тайлбарлаж, сурталчилж чаддаггүй юм байна. Гадаадын хүмүүсийн нүдээр бид асар их хоолыг аймшигтайгаар иддэг гэсэн ерөнхий ойлголтыг өгчихсөн. Уг нь бид зөв тайлбарлаж, мэдээлэл өгч чадвал монгол хоол асар их шим тэжээлтэй, олон зуун жилийн турш баталгаажиж үлдсэн том соёл. Эрүүл хооллолтын талаасаа ч монгол хоол маш өргөн уламжлалтай гэдгийг судалж байна. Монгол хоолны чиглэлээр бид салангид ажиллаад, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Монгол хоолны контент үүсгэх ёстой маркетингийн чиглэлийнхэн үүнд анхаарлаа хандуулдаггүй юм байна. Монгол хоолны соёлыг бүтээгдэхүүн болгож, аялал жуулчлалтай холбох ёстой аялалын компаниуд маш бага анхаарал хандуулдаг. Мөн мэргэжлийн тогооч, хоол үйлдвэрлэлийн салбарынхан агуулга, контентаа хүмүүст гаргаж өгдөггүй юм байна. Энэ мэт хамтын ажиллагаа дутсан.  Монгол хүн гэж цээжээ дэлдэхийн оронд бид яаж яваад дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрнийг байгуулсны нэг зангилаа нь хоол ундтай холбоотой. Энэ чиглэл рүү бид ажиллах шаардлагатай байна.  

-Монгол хоол гэхээр цагаан идээ, хорхогоор л дуусах гээд байдаг. Бүр хоёр халбага будаа тавиад, махныхаа хэлбэрийг өөрчлөөд л янз бүрийн нэртэй хоол өгдөг. Монгол хоолны соёл будаатай холбоотой гэсэн онигоо хүртэл гарсан байсан.  Энэ хандлагыг л өөрчлөх хэрэгтэй байх?

-Хоёр асуудал бий. Монгол хоолноос болгоомжлох сэдэл үүсгээд байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, анхнаасаа энэ ямар учиртай хоол юм. Энэ хоолыг идвэл хүний биед ямар хэрэгтэй юм гэдэг талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Хоолны бүтэц, агуулга, шим тэжээл, зохистой хооллох хэмжээ нь юу болох талаар тайлбар мэдээлэл огт байдаггүй. Бид өөрсдөө хүүхдүүдээ цагаан сараар дагуулаад айл хэсэхдээ хамаагүй замбараагүй хооллодог. Энэ маш буруу. Нэг асуудал нь энэ. Нөгөөх нь, хоолыг ямар хэмжээтэй хольж идэх вэ гэдэг мэдээлэл алга. Цагаан хоолыг ийм хэмжээтэй иднэ, махан хоолыг тийм байна. Ундаа, усаа хэр хэмжээтэй уух юм, яаж зоогловол зохистой гэдгийг тайлбарласан мэдээлэл ч алга. Өмнөх үеийн түүхийг сөхвөл, эхлээд цайгаа уудаг, цагаан идээгээ амсдаг. Бяслаг, ааруул иддэг. Тэр зуураа яриа, хөөрөөгөө өрнүүлнэ. Хэсэг хугацааны дараа ходоодны үйл ажиллагаа хэвийн болмогц махан хоол иддэг. Гэхдээ махыг мөнгөн аяганд, маш бага хэмжээгээр иддэг байсан. Түүнийхээ дараа сархад зооглодог ч юм уу, ийм жаяг байж. Одоо ямар ч дэг жаяггүй болсон. Өөрсдөө ч хамаагүй идэж, уудаг. Гадны хүмүүст бүр ч тайлбарлаж өгдөггүй. Угаасаа өөрсдөө дэг жаягаа мэдэхгүй байгаа болохоор яаж тайлбарлах вэ дээ. Өдөрт хэдэн удаа хоол иддэг. Ямар хэмжээгээр иддэг гээд эрс тэс соёлтой хүмүүс ирэхэд дан чанасан мах өгвөл ямар байх билээ. 

-Манай улс жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа, урлаг, соёлын наадмыг зохион байгуулдаг болсон. Тэр үеэрээ л хоолныхоо соёлыг таниулчихаж болмоор санагдах юм.  Нөгөө л хамтын ажиллагаа дутсаных уу?

-Анх дэлхий дахинд ресторан нээгдэж байхдаа зөв хоололтыг л хүмүүст зааж сургах чиглэлтэй байсан. Яг түүнтэй адил, бид эргээд л энэ бүхнийг заах хэмжээнд оччихоод байна. Нүүдлийн соёлтой хүний иддэг хоол, ундыг яаж зооглодог вэ гэдгийг хүмүүст сургах хэрэгтэй. Сургахын тулд багш, сургалтын материал буюу мэдээлэл хэрэгтэй байна. Тэгээд дадлагажуулах шаардлагатай. Тэгж байж ирсэн жуулчин Америктаа, Япондоо, Англидаа, Солонгостоо очоод “Монголчууд хоолоо ингэж иддэг юм билээ. Завилж суудаг” гээд л бусаддаа гайхуулна биз дээ. Ингэж л чадвал бид монгол зоог зооглохын үнэ цэнийг зөв гаргаж өгнө.

-Монголд ирсэн жуулчдын тэдэн хувь нь  хоолноос болоод дахиж ирэхийг хүсэхгүй байна гэсэн нарийн судалгаа арай байхгүй байх даа?

-Яг тийм нарийн судалгаа одоогоор алга. Гэхдээ миний олж үзсэн судалгааны үр дүн юу байсан гэхээр жуулчид “Монгол хоол хэцүү, тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй” гэж бие биедээ хэлдэг юм билээ. Жишээлбэл, айргийг ерөөсөө ууж болохгүй. Тарвага гэдэг амьтнаар хоол хийдэг. Тэрийг идээд дэмий. Монголчууд л өөрсдөө иддэг юм гэх маягийн сөрөг сэтгэгдлүүдийг энд тэнд жуулчид үлдээдэг. Өөрийнхөө тухайн үед төрсөн сэтгэгдлийг л илэрхийлээд, буруу талаас нь тайлбарлаад биччихсэн материал, сэтгэгдлүүд маш их байна. Тиймээс бид энэ бүхнийг зөв талаас нь тайлбарлаж, жуулчдад ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй. Одоо манай аялал жуулчлалын компаниуд аялалынхаа маршрутад тухайн орны хүмүүсийн иддэг хоолыг л санал болгодог. Монгол айлаар оруулаад, үндэсний хоол, зоог идүүлэх хөтөлбөр бараг байхгүй. Хоолыг нь тайлбарлаад, ашиг шимийг нь таниулсан хөтөлбөртэй аялалын компани алга. Ингэхээр эдийн засаг талаасаа Солонгос хоол хийдэг ресторанууд л хожно. Түүнээс биш Солонгос хүнийг малчин айлд аваачаад, хоол идүүлээд, тэндээс үлдэх валют нь манайд ашигтай биш. Эдийн засгийн эргэлт талаасаа манайд огт ашиггүй л жуучлал яваад байна. Олон үндэстний хоол гэдэг цаашид ч байдгаараа байх л болно. Хаана ч очсон KFC идээд л явдаг. Тэр нь байдгаараа байг, манайд ч гэсэн. Харин монгол зоогийг жуулчид идэх хувь, хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт л бид анхаарах ёстой. Үүний хариултыг олж чадвал бусад нь аяндаа болно. 

-Танд бага ч болов хариулт байгаа байх. Энэ чиглэлээр дагнан судалж байгаа болохоор?

-Миний бодлоор хамгийн түрүүнд монгол тогооч, монгол хоол хийж байгаа ресторан, зоогийн газрыг дэлхийн түвшинд алдаршуулах ажлыг нэн даруй хиймээр байна. Дэлхийн практик ч ийм байдаг. Тухай орон нутгийнхан ямар хоолыг их идэж, санал болгож байна, түүнийг л идэхийг хүсдэг. Нэг жуулчин ирлээ, хаана хоол идэхийг нь асуугаад үз “Та өөрөө хаана хоол иддэг вэ” гэнэ. Манайхан монгол хоолны ресторан санал болгож чадахгүй,  KFC руу орвол “Монгол хоол нь олигтой биш юм байна. KFC идсэн нь дээр юм байна” гэж бодно. Тийшээ л хүмүүс их ороод, хажууд нь байгаа монгол зоогийн газарт хүн бараг орохгүй бол тэд “Монгол хоол нь дэмий эд байдаг бололтой” гэж ойлгоно. Хэрэв гудамжинд юм уу, зах дээр зарж байгаа хоолны дийлэнх нь гадаад маягийн байвал бас л манай хоолыг муу гэж бодно. Тийм учраас бид дотооддоо хандлагаа өөрчлөх ёстой.

-Солонгосууд Жангум гэдэг киногоор хоолны соёлоо дэлхийд сурталчилж чадсан. Гэтэл манайхан ядаж баримтат кино ч хийчихгүй юм?

-Чи маш зөв өнцгөөс нь харж. Өөрсдөө анзаараад үз, ямар нэвтрүүлэгт монгол хоолны талаар бага ч болов дүрс оруулсан юм. Тийм кино, нэвтрүүлэг үнэхээр байхгүй. Сайхан найр хийж, айргаа ууж байгаа баримтат киног ядаж дотооддоо үзүүлэх хэрэгтэй. Тийм нэвтрүүлэг огт алга. Монголчууд огт хоол иддэггүй юм шиг. Эсвэл идэхээрээ баахан бүхэл мах чанаж, шараад иддэг юм шиг ойлгуулдаг. Эсвэл Солонгос хоолноос өөр зүйл иддэггүй мэт ойлгодог биз дээ. Тиймээс хоолны соёлоо дотооддоо, дараа нь гадаадад сурталчлах шаардлагатай.

admin

Read Previous

“ПЕТРО МАТАД” КОМПАНИЙГ СҮХБААТАР АЙМГААС ГАРГАЖЭЭ

Read Next

Ж.Батбаясгалан: Шахмал түлшийг үйлдвэрлэдэг учраас хязгаарлалт хийхээс өөр аргагүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *