УИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар УИХ-ын зарим гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ард түмнээс сонгогдсон УИХ-ыг хугацаанаас өмнө тараана гэдгийг би сайн ойлгохгүй байгаа.  Сайн муугаар хэлэгдсэн ч ард түмэн Их Хурлынхаа гишүүдийг сонгосон. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад сонгууль явуулах нь зөв юм уу?  Хууль журамдаа нийцэж байгаа юм уу? 76 гишүүн бүгд шударга бус ажиллаж байгаа гэж хэлж болохгүй. Тиймээс  ямарч байсан хуулийнхаа хугацааг дуусгах нь зөв юм болов уу гэсэн бодолтой байгаа.

Та нар асуудлаа шийдэж чадахгүй байна,  муу ажиллаж байна, нэг өдрийн өмнө ч гэсэн тарцгаа гээд ард түмэн шийдвэр гаргачих юм бол бид заавал сууна гээд байж болохгүй. Хууль дүрэмтэй, төртэй ёстой улсын хувьд хууль дүрмээ л бариад явах ёстой.

Шахалт шаардлагаар би гарын үсэг зурахгүй.  Өөрийнхөө итгэл үнэмшлээр судалгаанд тулгуурлаад үнэхээр зав юм байна аа гэвэл би зурна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: УИХ тарах эсэх асуудлыг анхааралтай авч үзэх хэрэгтэй.  Монгол Улсад бий болсон баялгийн тэгш бус хуваарилалт,  хууль бус  хувьчлал, бонд, мөнгө завшсан гэхчлэн   олон ээдрээтэй асуудлыг харах юм бол энэ УИХ-ыг тараагаад   шинэ Их Хурлаараа энэ асуудлуудыг яаралтай шийдээд  арай өөр нийгэм рүү явах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Би ийм байр суурьтай байгаа. 

Эртхэн шиг тараад  шинэ парламент байгуулаад явах нь зүйтэй байж болзошгүй.  Ард түмэн ч үүнийг хүсч байж магадгүй.  Арай хурдтай явъя гэвэл парламент хугацаанаасаа өмнө тарах хэрэгтэй.

– УИХ-ын гишүүн О.Содбилэг: Тараасай гэж хүсч байгаа хүн байна. Харин тарлаа гээд дараа нь илүү сайн чадамжтай бүрэлдэхүүн бий болж,  Монгол Улсын  хөгжлийн асуудлыг шийддэг, хулгай зэлгий гэхчлэн янз бүрийн асуудалд оролцдоггүй, өндөр ёс зүйтэй бүрэлдэхүүн бий болвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Үүнийг нууж хаагаад байх явдал байхгүй.

Энэ удаагийн парламент янз бүрийн асуудалтай байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгээ хамт Улсын Их Хурал шинээр бүрэлдэх нь зүгээр юм боловуу гэж харж байна.

-УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Иргэд сонгогчид маань  энэ УИХ-ыг тараагаад  дараагийн Их Хурлаа яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл тарахад ямар ч асуудал байхгүй байх. Би хувьдаа ингэж бодож  байна. Эцсийн бүлэгт сонгогчид  бүгдийг шийднэ. Энэ утгаараа  бүрэн эрхийнхээ хугацаанаас  наана сонгууль явуулахад  миний хувьд болохгүй, бүтэхгүй гээд байх зүйл байхгүй. Гэхдээ энэ асуудлаар бүлэг дээр яг албан ёсоор ярьсан зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:  Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек болоод зарим хүмүүс УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү.

УИХ-ын  гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:  Хэрэв зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж үзээд, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төрийн шийдвэр гарах аваас дэмжинэ.

admin

Read Previous

Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь

Read Next

Хятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *