Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь

Гэрч гэдэг нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг ойлгоно. Харин гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч  гэнэ.

Мөн гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүсдэг байна.

Яг энэхүү эрхийг хөндсөн нэгэн хуулийн төслийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Тодруулбал, Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. 

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль нь 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн байдаг.     

Тэгвэл энэ удаад ямар өөрчлөлт оруулах вэ?

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна.  Иймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж буй юм.

admin

Read Previous

Ард нийтийн сануулга асуулга явуулах өдрийн товыг хэлэлцэнэ

Read Next

УИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *