Финланд улс НАТО-ын эвслийн 31 дэх гишүүн боллоо

Өчигдөр буюу Мягмар гарагт Финланд улс албан ёсоор НАТО-гийн 31 дэх гишүүн боллоо.

Оросын эрх баригчид хөрш Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн нь Европын аюулгүй байдлын орчин нөхцөлийг эрс өөрчилж, төвийг сахих гадаад бодлогыг олон жилийн турш тууштай сахисан Финланд, Швед улсуудыг Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхэд хүргэсэн юм.

Өчигдөр Брюссель хотноо Финландын гадаад хэргийн сайд Пекка Хаависто гишүүнээр элсэх бичиг баримтыг НАТО-гийн үүсгэн байгуулах гэрээг хэрэгжүүлэх албан ёсны үүрэгтэй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд гардуулсан байна.

“Нэгдэн орох бичиг баримтыг хүлээн авснаар бид Финланд улс НАТО-гийн 31 дэхь гишүүн орон болсныг албан ёсоор зарлаж байна” гэж тус байгууллагын төв байранд болсон ёслолын арга хэмжээний үеэр Блинкен мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “НАТО-гийн хаалгыг хаахыг хүссэн. Өнөөдөр түүний санаархал талаар болж, түрэмгийлэл, айлган сүрдүүлэг үр дүнд хүрэхгүй гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Финланд улс одоо дэлхийн хамгийн хүчирхэг найз нөхөр, холбоотонтой болж байна” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Шинэ түнш Финландаар бүл нэмж, хүчирхэгжсэнээр бид транс атлантикийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хадгалж, НАТО-гийн газар нутгийн инч бүрийг хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр бас Швед улсыг элсүүлэх ажлыг шуурхайлахыг Турк, Унгар улсуудын эрх баригчдад уриалсан байна.

НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд заасны дагуу Финланд улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тус байгууллагын хамтарсан зэвсэгт хүчин хамгаалах үүрэгтэй болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Финландын нутаг дэвсгэрт ОХУ-ын талаас халдвал бүх гишүүн улс өөрийн газар нутагт халдсанд тооцож, нэгдсэн хүчээр хамгаална гэсэн үг.

Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто “Өнөөдөр Финланд улсын хувьд аугаа их өдөр тохиож байгаагаас гадна НАТО-гийн хувьд чухал өдөр болж буйг би цохон тэмдэглэмээр байна” гэж хэлжээ.

“Одоо бид Европын болон дэлхий дахины эрх чөлөөг нэгдсэн хүчээр хамгаалахын тулд Швед улсыг гишүүнээр элсүүлэхэд шаардлагатай бүх алхмыг хийх хэрэгтэй” гэж Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мэдэгдсэн байна.

Германы улсын канцлер Олаф Шольц твиттер хуудсаараа дамжуулан Финланд улс НАТО-д элссэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Харин ОХУ-ын хувьд энэ үйл явдал томоохон цохилт болж байна.

Финланд улс элссэнээр тус улсын НАТО-гийн газар нутагтай залгадаг хилийн урт бараг хоёр дахин нэмэгдэж, 2,500 км болж байгаа юм.

“Энэ үйл явдал биднийг тактикийн болон стратегийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүргэж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгджээ.

ОХУ-тай 1,300 км урт шугамаар хил залгадаг Финланд улс 1939 онд Зөвлөлт Холбоот Улстай дайтаж байсан ч өнөөдрийг хүртэл НАТО-гийн гадна оршсоор ирсэн юм.

Финланд улс элссэнээр Умард Атлантын эвсэл 280,000 бие бүрэлдэхүүнээр цэргийн тоогоо нэмж, Европ тивд томд тооцогддог их бууны зэвсэглэлээр хүчээ зузаатгаж байна.

Үүнээс гадна Умард туйлын бүс нутаг, Балтын тэнгисийн сав газрын орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Украин улс бас НАТО-гийн гишүүн болох сонирхлоо илэрхийлсээр байгаа. Гэхдээ тус улсыг гишүүнээр элсүүлэх үйл явцад урт хугацаа шаардагдана гэж Өрнөдийн дипломатчид үзэж байна.

Швед улсыг элсүүлэх ажлыг гацааж буй НАТО-гийн гишүүн орнууд нь одоо Турк болон Унгар болоод байгаа. Путинтэй найрсаг харилцаатай Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Курдын салан тусгаарлагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулж байгаад Шведийн эрх баригчдыг буруутгадаг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоган нар үүнд голлон нөлөөлж байгаа юм.

Финланд улсыг НАТО-д элсүүлэхийг хамгийн сүүлд хүлээн зөвшөөрсөн орнууд бас Турк, Унгар байлаа.

admin

Read Previous

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Азийн аварга боллоо

Read Next

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *