Инфляцын хүлээлт хаашаа чиглэж байна вэ?

Инфляц сүүлийн гурван сард дараалан буурч, 9 дүгээр сарын эцэст улсын хэмжээнд 13.8 хувьд хүрээд байгаа. Харин 10 дугаар сард гурил болон талхны үнэ нэмэгдсэн тул инфляц эргээд өсөх эрсдэлтэйг мэргэжлийнхэн онцолж байгаа юм. 

НЭГ. ИНФЛЯЦ 2024 ОН ГЭХЭД 6% ОРЧИМД ХҮРНЭ

Монголбанкнаас энэ оны сүүлийн улирлын инфляцыг 13.8 хувьтай байхаар тооцоолж буйгаа 9-р сарын Инфляцын тайландаа дурджээ. УИХ-аар хэлэлцэж буй ТМБҮЧ-д инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, 2024 онд Төв банкны зорилтын орчимд буюу 6 хувьд хүргэнэ гэдгээ мэдэгдэж буй.

Инфляцыг дунд хугацаандаа буюу дараагийн гурван жилд ямар түвшинд хүргэх вэ гэдэг нь Төв банкны хэрэгжүүлэх бодлого, түүний зорилт билээ. Одоогоор Төв банк инфляцыг 6 хувийн голчтой, нэмэх, хасах хоёр хувийн интервалд барих зорилт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, инфляц 4-8 хувь орчимд л хадгалагдаж байвал Төв банкны зорилт биелнэ. Энэ зорилтод 2024 онд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр инфляц одоо биш ч 2024 онд багагүй хувиар буурах хүлээлт бий.

ХОЁР. ЗУРГААН ХУВЬД ХҮРЭХ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Гэхдээ инфляцын зорилтод хүрэхэд тодорхой бус байдал, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй.

Дэлхий даяар КОВИД-19-өөс үүдэлтэй хямрал бүрэн илааршаагүй байхад Орос, Украины дайны асуудал өрнөсөн. Энэ нь дахиад л дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг бий болгож, эрчим хүч, газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын давлагааг буй болгосон. Жилийн 1-2 хувийн инфляцтай байдаг АНУ, Европын топ эдийн засгууд 8 хувийн (9 дүгээр сарын эцэст инфляц АНУ-д 8.2%, Их Британид 8.8%) инфляцтай нүүр тулж байна. Энэ утгаараа инфляцын асуудал ганц манай улсад бус дэлхий дахинд нүүрлэж байгааг мэргэжилтнүүд онцолж буй билээ.

Монгол Улсын хувьд жижиг, нээлттэй эдийн засаг. Тэр тусмаа урд, хойд хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай тул дэлхий дахинд болж буй үйл явц дотоодын эдийн засагт шууд болон дам нөлөө үзүүлсээр ирсэн. Одоогоор бий болоод буй 13.8 хувийн инфляцын 60 гаруй хувийг импортын барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй байгааг ҮСХ-ноос мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд үнийн өсөлт явагдсаар байвал Монголд ч тэр инфляцыг бууруулахад тэр хэрээр хүндхэн байна л гэсэн үг.

Нөгөөтээгүүр ихэнх бараагаа импортоор авч байгаа учраас ханшийн өсөлт ч томоохон сорилт болох нь гарцаагүй. Гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 40 гаруй хувиар буурчихсан. Төлбөрийн тэнцэл он гарснаас хойш 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Дээр нь Монгол Улсын өмнө ирэх жил төлөх том дүнтэй өрүүд тулгамдаж байгаа энэ үед АНУ-ын Холбооны нөөцийн сангийнхан инфляцтайгаа тэмцэх зорилгоор ам.долларын суурь хүүг нэмэгдүүлсээр байна. Суурь хүүний энэхүү өсөлтийг дагаад манай улсад орж ирэх ам.долларын санхүүжилтийн өртөг нэмэгдэх, хөрөнгийн гадагшлах урсгал бий болохыг ч үгүйсгэх аргагүй. Энэ нь төгрөгийн ханшид нөлөөлж, улмаар инфляцыг бууруулахад ихээхэн тээг, садаа болох магадлалтай.

Нөгөөтээгүүр Монголбанкнаас боловсруулж, одоо УИХ-аар хэлэлцүүлж буй Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дээрх бүх эрсдэлүүдийг тооцсоны үндсэн дээр 2024 онд инфляцыг 6 хувьд хүргэх боломжтой гэж тусгасан юм. 

ГУРАВ. ЭКСПОРТ НЭМЭГДВЭЛ ИЛҮҮ ДӨТ  

Гэхдээ Засгийн газраас төлбөрийн тэнцэлдээ анхаарч, экспортыг нэмэгдүүлэх талаар анхаарч эхэлсэн. Экспортын өсөлтийг дагаад төлбөрийн тэнцэл сайжирвал ханш тогтворжих нь гарцаагүй. Мөн Төв банкнаас эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр 2024 оны эхэн гэхэд инфляцаа тогтворжуулна гэж амлаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төв банкны одоогийн төсөөлөлд дээр дурдсан бүхий л эрсдэл, тодорхой бус байдлыг тусгасан гэж ойлгож болно. Хэрвээ төсөөлөөгүй давагдашгүй хүчин зүйл гэнэт гарчихгүй бол, дайн байлдаан удаан хугацаанд сунжирч, дахин улс орнуудын хооронд үл ойлголцол гарч хурцадчихгүй л бол инфляц алгуур буурсаар 2024 он гэхэд, магадгүй тэрнээс ч эрт 2023 оны сүүлийн улиралд 6 хувь руу ороод ирэхийг үгүйсгэхгүй юм.

admin

Read Previous

“Халамж санхүүжүүлдэг төсөв, цемент зуурдаг хөрөнгө оруулалтаа хязгаарлахгүй бол Монгол Улс дампуурлаа!”

Read Next

“Эрээн хотод хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *