Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.
Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар шинэ бүтэц зохион байгуулалт болон дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахлаас үүдэлтэй улс оронд бий болж буй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгалаа. Төсвийн тодотголд туссан онцлох арга хэмжээг дурдвал:
1. Иргэдийн орлогыг хамгаалах, ААН-ийг дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
2. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийж, иргэнээ дагасан санхүүжилтийн механизмыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүллээ.
3. 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1446 ТӨСӨЛ хэрэгжүүлж, 2020 онд 514 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ашиглалтад орно.
4. Монгол Улсын Засгийн газар 2020 онд нийт 1,959.7 тэрбум төгрөгийн өр төлбөр төлнө.
Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Түүнчлэн дунд, урт хугацаанд төсвийн зардлыг бууруулж бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Тухайлбал, төрийн доод, дунд шатанд байгаа хүнд суртал, авлигыг устгах, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд гааль, татвар, нийгмийн даатгал, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн албан хаагчийн орон тоо, цалингийн цахим системийг тэргүүн ээлжид нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 25.2 хувь, нийт зарлага 14.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувьтай тэнцэж байна.
Эх сурвалж:Сангийн яам