Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР НАРЫН ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ДАХИН СӨХӨГДӨХ ҮҮ

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногийн баасан гараг гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний энэ үйлдлийг Ерөнхийлөгч өчигдөр хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ тэмдэглэн хэлсэн. Тэрбээр “Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ. Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье” хэмээсэн юм.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах саналыг прокуророос оруулж ирэхээр болсон тухай бор шувуу нисэх болов. Энэ оны эхэнд  ЖДҮХС-гаас эрх  мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д өргөн барьсан. Гэвч уг саналыг УИХ буцаасан юм. 

Тодруулбал,  “УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар Б.Ундармаад холбогдох  “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн, А-88 дугаартай тушаалаар Д.Дамба-Очирт холбогдох  “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн,  Л.Энхболдод “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн, Г.Солтанд холбогдох  “Монгол шаазан” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч дээрх хэргийг шалгах явцад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс УИХ татгалзсан. Тэгвэл Б.Батзориг хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч өргөдлөө өглөө. Иймээс ойрын өдрүүдэд прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин сөхөгдөж магадгүй талаар эх сурвалжууд бичиж байна. 

admin

Read Previous

ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Read Next

НАМУУДАД МӨНГӨН АМЛАЛТУУДАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХАСАХ ТАВ ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЛӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *