Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагаас амны хаалт, ариутгалын бодис байнга хэрэглэхийг зөвөлсөн ч амны хаалтны хомсдолыг далимдуулан эмийн сангууд үнээ 2-3 дахин нэмсэн нь иргэдэд давхар дарамт үүсгэсээр байна. Тухайлбал, маскны хомсдол үүсч буйг далимдуулан “Монос” компани 2000 төгрөгөөр борлуулж байсан N95 маскыг 5000-7000 төгрөгөөр борлуулж байсан тул ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авахаар болсон. Ханиад, томууны идэвхжлийн үед эм, эмийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн их болж, иргэд эмийн санд халаасаа хоосолдог болсоор удаж байна. Дан ганц маск ч гэлтгүй энэ төрлийн өвчний эсрэг уудаг эмийн үнэ нэмэгдсэнээс гадна эмийн сан болгонд харилцан адилгүй үнэтэй байна. Нэг хүүхэд нь ханиад хүрсэн, хоолой нь өвдөж халуурсан бол дор хаяж 40-60 мянган төгрөгийн эм, бэлдмэл, антибиотек хэрэглэж байна. Үүн дээр хувийн эмчид үзүүлбэл 20-30 мянган төгрөг нэмэгдэнэ.
Ханиад, томуугийн үед хамгийн өргөн хэрэглэгддэг эмнүүдийн үнэ ханшийг судлахаар хэд хэдэн эмийн сангаар орсон юм. Хамгийн их гүйлгээтэй эмнүүд болох септолете 10500 төгрөг, лизак 4400, амизон 6800, миксафлу 15000, минигрип 10500, АЦЦ нэг ширхэг нь 1500, цитромакс 1600, тайлол хот 18000, либиксин 21000, амоксицилин 1700, ампициллин 1700 гэх мэт үнэтэй байна. Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг эмийг сонгож, гурван ч эмийн сангаар орж үнийг нь лавлатал 150-700 төгрөгийн зөрүүтэй, бидний сайн мэдэх витамин С-гийн уусмалаас авахуулаад ампициллин зэрэг ихэнх эм харилцан адилгүй үнэтэй байсан юм. Эмийн үнэ яагаад улирал солигдох тутам өсдөг, харилцан адилгүй үнээр худалдаалдаг талаар БЗД-т эмийн сан ажиллуулдаг эмийн санчаас тодруулахад “Ихэнх эм ханган нийлүүлэх төв эмээ голдуу БНХАУ, ОХУ, Энэтхэг, ХБНГУ-аас оруулж ирдэг. Хятадаас оруулж ирдэг эмийн үнэ харьцангуй тогтвортой байдаг. Харин Германаас авчирдаг нь валютын ханш, болон шатахууны үнийн өсөлтийг даган байнга нэмэгддэг” гэсэн юм.
Зарим эм нэг улс, нэг үйлдвэрийнх атлаа хоёр өөр үнэтэй байх нь ч бий. Хотын төвийн болон гэр хорооллын эмийн санд өвчин намдаах эм, уусгаж уудаг сироп 500-1000 төгрөгийн зөрүүтэй байна. Гэхдээ зарим нь байршлаасаа хамаарч ийм байдаг бол нэг хэсэгт нь энэ огт нөлөөлдөггүй.
СХД-ийн иргэн С.Саранцэцэг “Энэ оны эхний нэг сард гэхэд л ханиадны антибиотикуудын үнэ нэмэгдсэн. Одоо харьцангуй тогтворжсон байна. Өвлийн улиралд ханиад томуу, амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгдэж, энэ төрлийн өвчний эсрэг уудаг “Ампицилин”, “Амоксицилин” зэрэг эмийн үнэ 200-300 төгрөг нэмэгдсэн байна лээ” гэсэн юм.
БГД-ийн иргэн н.Маралмаа “Хүүхдэдээ дөнгөж ханиад хүрч байх эхэн үед нь инсти гээд найруулдаг уусмал өгчхөөр гайгүй болчихдог юм. Манай гэрийн ойролцоо эмийн санд зургаан ширхэгтэй нь 5400 төгрөг гэдэг. Харин сая 6400 төгрөгөөр худалдан авлаа. С витамины үнэ бүр 400 төгрөг болчихсон байна” гэдгийг хэллээ.
Эмийн санч С.Хулан “Эмийн сангууд айхтар ачаалалтай ажиллахгүй байгаа ч үйлчлүүлэгч ихтэй байна. Хүмүүс ихэвчлэн ханиад томуугийн эсрэг эм, маск ариутгалын бодис худалдаж авч байна. Манай эмийн сангаар л гэхэд өдөрт 100 хүн үйлчлүүлдэг. Эмнэлгийн дэргэдэх эмийн сангууд илүү их ачаалалтай байдаг. Үнийн хувьд бид өөрсдөө дур мэдэн өсгөдөг зүйл байхгүй, үйлдвэрээсээ ирэхдээ үнэ нь өссөн байдаг” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин