“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт “Өргүй Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Т.Баярхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-ын СХД-ийн Түмтийн дарга, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч нар оролцож “Намаас хамааралтай төр байх уу, Ард түмнээс хамааралтай төр байх уу” сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
“Өргүй Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Т.Баярхүү: МОНГОЛЧУУД ГЕОПОЛИТИКИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал 2000 оноос хойш яригдаж байна. 1992 оны Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг ямар ч асуудалгүй. Дэлхий дээр байгаа 200 орны Үндсэн хуулийн эхний хоёр бүлэг адилхан.
-Үндсэн хууль бол ард түмний дундаас бий болох ёстой. Гэтэл Үндсэн хуулийг хуульчид, улс төрчид мэддэг юм шиг ойлгоод байна.
-Үндсэн хуулийг түүх, газарзүйн философийн үүднээс судалсан хүн цөөхөн байна.
-Хүмүүсийг нь сольчихвол өнөөгийн нийгмийн болохгүй, бүтэхгүй арилчихна гэж боддог. Гэтэл олигархи, мафийн гарт орчихсон МАН, АН төрийн эрх мэдэлд ээлжлээд гараад байна. Нам гэсэн мангас УИХ-ыг “төрүүлж” Засгийн газар, Ерөнхийлөгчийг гаргаж ирж байгааг л өөрчлөх ёстой.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай намууд дангаараа эсвэл эвсч нэр дэвшүүлнэ гэж заасан. Гэтэл улс төрчид Ерөнхийлөгч л ганцаараа ард түмнээс сонгогддог гэж худлаа ярьж байна.
-Намын тамгаа атгаж байгаа мафийн бүлэг өөрийн хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Ингэж зальдаж ард түмнээр сонгуулсан юм шиг баталгаажуулж байна.
-Ард түмнээр бүх зардал мөнгийг нь гаргуулаад намаас дэвшүүлсэн хүмүүсийг УИХ-д сонгож байгаа гажигийг засахын тулд Үндсэн хуулийг бүр мөсөн өөрчлөх ёстой. Үндсэн хуулиар төрийн эрхийг намд өгсөн.
-Орчин үеийн неоколоничлолын нөхцөл байдлыг ойлгохгүйгээр улс орны хөгжил ярихгүй. 1992 оны Үндсэн хуульд сонгодог парламентыг төр биш нам хийдэг байхаар зохицуулсан.
-Монголчууд геополитикийн золиос болж байна.
-Манай улс өнөөдөр мөнгө санхүү, эдийн засгаар нь удирддаг неоколоничлолын залинд автагдсан. МАНАН бол долларын эздэд үйлчилдэг бүтэц. Толгойд нь урвагчид байдаг.
-Гадны мөнгөнөөс ард түмэнд өгөх хэсгийг нь хулгайлдаг бүлэг бий. Хамгийн сүүлд нь тамга тэмдгээ ашигладаг авлигачид бий. Энэ бүтцийг хэд хэдэн давхаргатайгаар бий болгож, ард түмнийг хуурч байна.
-Ямар ч намгүй. Ард түмэн төлөөлсөн хэсэг нь дээд танхимдаа орох зэргээр УИХ хоёр танхимтай байх нь зөв. Хууль хоёр шатлалтайгаар маш сайн гардаг.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙГ СЕХ, САНХҮҮГИЙН ХЯНАЛТЫГ АУДИТАД ХАРИУЦУУЛАХ НЬ ЗӨВ
-1992 оны Үндсэн хуулийг шилжилтийнх байсан гэж эрдэмтэн судлаачид дүгнэдэг. 1990 оны болон одоогийн цалин яг адилхан. Эдийн засгийн агуулгаараа монголчуудын амьдрал сайжирсангүй.
-1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах маш тодорхой зорилго тавьсан. Гэтэл өнөөдөр мөнгөтэй бол сайхан амьдар. Мөнгөгүй бол хохь нь гэсэн нийгмийг сүүлийн 30 жил байгууллаа. Энэрэнгүй нийгэм байгуулж чадаагүйг нотлох олон жишээ бий.
-Сүүлийн 30 жил монголчууд юу хожив. Дарга нарын амьдрал сайхан болж, ард түмнийх эрс муудсан. Баян, хоосны ялгаа эрс нэмэгдэж, дэлхийд байхгүй их өр оногдож байна. Монголын хөгжлийн үр дүн ийм л байна.
-Стратегийн бүх орд 30 гэр бүл+гадныхны мэдэлд шилжсэн. Дэлхийд хаана ч байхгүй харгис хэрцгий анархист нийгэм байгууллаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намуудын шинэчлэлийн асуудал зайлшгүй хийгдэх ёстой. Улс төрийн намын системийг үндсээр нь өөрчлөх ёстой.
-Монголын төр олигархжиж, авлигажиж, мафийн шинж рүү орсны эх үндэс нь намтай холбоотой. Намын систем мафид төрийн жолоог атгуулж байна. Цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байхад намууд том том байртай болж байна.
-Намууд баячуудаас санхүүжиж, ямар ч хяналтгүй болсон. Дотоод сонгуулиа ч шударгаар явуулж чадахаа больсон. Дотоод сонгуулийг СЕХ, санхүүгийн хяналтыг аудитад хариуцуулах нь зөв.
-Намуудыг үндсээр нь өөрчилж шинээр бүртгэх асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан. Том байртай байхыг хориглож, хөндлөнгийн хяналт тавих ёстой.
-1992 оны Үндсэн хуульд зааж өгсөн байгалийн баялгийг өөрсдийнх нь өмч гэдгийг ард түмэн мэдэхгүй явсаар 30 жил боллоо. Энэ мэт тунхгийн шинжтэй олон заалттай.
-Ашигт малтмалын хуулиар байгалийн баялгийг олигархи болон гадныхны мэдэлд өгсөн. УИХ-д хоёр удаа сонгогдоод Монголын төрийг мафи удирдаж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголд нам, төр гэж алга.
-Улс орны өр зээлийн хязгаарыг Үндсэн хуульд тодорхой зааж өгөх ёстой.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДЛЫН 90 ХУВИЙГ ТӨР ХАРИУЦДАГ БАЙЯ
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Засгийн эрх, Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Мөн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд монгол хүнд 16 эрх бий.
-Үндсэн хуулийг дагалдаж гарсан хуулиуд худал болсон. Байгалийн баялаг төрийн өмч гэж заасан. Гэтэл 1992 онд Үндсэн хууль баталсан иргэд төр бол ард түмэн юм гэж ойлгоод ард түмэнд баялгийг өмчлүүлсэн.
-Байгалийн баялгийг төр өмчилж аваад Ашигт малтмалын хуулиар лиценз маягаар зардаг тогтолцоонд орсон нь хээль хахууль авлигын эх үүсвэр болсон.
-Монгол шиг Үндсэн хуультай дөрвөн улс бий. Үүний хамгийн тод жишээ бол Австри улс. Эдгээр улсад Үндсэн хууль хэрэгжиж ард түмний амьдрал сайхан болоод байдаг. Гэтэл яг адилхан хуультай мөртлөө Монголд хууль хэрэгжих процесс нь алдагдаад байна.
-МАН, АН-ынхан нийлж байгаад арван жилийн дотор 33 их наяд төгрөг идсэнийг АТГ ил тод зарлалаа. Энэ бол Монгол Улсын гурван жилийн төсвийн мөнгө юм. Зарцуулах ёстой мөнгөний 4/1-ийг нэг нөхөр хулгайлчихаад байна гэсэн үг.
-Шинэ Үндсэн хууль батлагдаад дахиад 30 жил одоогийн асуудлаа ярина. Тиймээс одоо байгаагаа л сайжруулах ёстой. Эвдээд шинийг хийнэ гэсэн ойлголт буруу.
-Мөнгө төлж УИХ-д гарч ирчихээд төрийн мөнгөөр шархаа нөхдөг тогтолцоо бий болсон. Шударга хүмүүсийг сонгохын тулд мөнгөнөөс хамаардаггүй байх тогтолцоог бий болгох ёстой. Үүний тулд төр сонгуулийн зардлыг нь хариуцдаг жишиг бий.
-Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг 90 хувийг төр хариуцдаг байвал шударга, ёсзүйтэй хүмүүс УИХ-д гарч ирэх магадлалтай. Үүнийг заавал Үндсэн хуулиар өөрчлөх шаардлагагүй.
-Бие даагчид нэр дэвшихийн тулд нам байгуулж байна. Үүнээс болж үзэл баримтлалгүй намууд олноор бий болсон. 33 намын ихэнх нь сонгуульд орох гэсэн бие даагчдын нам. Үүнийг хуулиар өөрчлөх ёстой.
-Намуудын аудитын тайланг жирийн гишүүд шаардаж, нээлттэй сонсох ёстой. Түүнээс намын зардлыг төр хариуцах ёсгүй.
МАХН-ын СХД-ийн Түмтийн дарга, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ: ЭРХ МЭДЛЭЭ ХАДГАЛЖ ҮЛДЭХ САНААРХАЛ НАМУУДЫГ БООМИЛЖ БАЙНА
-Нэг нам дангаар ноёрхох системийг халахгүйгээр монголчуудын ахуй амьдрал, бүх зүйл сайхан болно гэж мөрөөдөж ирээдүйг харах боломжгүй.
-Үндсэн хуулийг өөрчлөхөөр өргөн барьсан УИХ-ын 62 гишүүний төслийн хэлэлцүүлэгт таван удаа оролцсон. Харамсалтай нь тэнд хэлэлцүүлэг биш тулган шаардалт болсон. Оролцсон улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудыг өөрсдийнхөө хуулийг дэмжихээс өөрөөр санал өгөх боломжгүй гэсэн.
-Гэмт хэрэгт холбогдсон. ЖДҮ-гээс хулгай хийсэн гишүүдтэй. 60 тэрбумын схемээр бүтсэн төрийн албатай УИХ-аар Үндсэн хуулийг өөрчлүүлэхэд ард түмэн эргэлзэж байна. Ёсзүйгүй, эрхзүйн чадамжгүй УИХ-д иргэд итгэхгүй байна.
-Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал улс төрийн намд эвлэлдэн нэгдсэн иргэдийн буруу биш. Эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хуулиар олгосон учраас ардчиллын шинж.
-Улс төрийн намууд чадавхитай, хариуцлагатай байх ёстой. Харин төлөөллийн байгууллагад хариуцлага тооцох механизм алга.
-50 мянган гишүүнтэй намыг бүртгэнэ гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр удаан засаглах, эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн санаархал улс төрийн намуудыг боомилж байна.
-Мөрийн хөтөлбөрөөр дамжуулан ард түмэнд ашиг тусаа хүртээж байх ёстой намуудад үзэл баримтлал алга.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхдөө намуудын санхүүг бүртгэх, намуудыг татан буулгах асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар тусгасан нь буруу.
-Сонгуулийн ерөнхий хороонд намуудыг бүртгэх, татан буулгах чадамж хүний нөөц байхгүй. Энэ мэтээр тооцоо судалгаа, бусад улс орны туршлага алга.
– Ялсан намын дарга Засгийн дарга, шүүх эрх мэдлийг удирддаг зарчмаар явж байгаа учраас төрийн дээр нам гарч суучихаад байна. Төрийн алба халааснаас төрж байна.
-Одоогийн Үндсэн хуулийн төслөөр дордохын долоон өөрчлөлтөд засвар төдий л орууллаа. Үүнийг өөрчилнө гэдэг нь худал. Шүүгчид 18 жил ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин