Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр, зээл төлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирлээ.
  • Бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд ээлтэй татвар, гаалийн тогтолцоог бүрдүүлж, цахим, ил тод, үр ашигтай төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүллээ.
  • Сүүлийн үед Ардын Намын Засгийн газрын үед төсвийн алдагдал, өр нэмэгдсэн мэтээр улс төр хийж байгаа нь бодит үнэнийг гуйвуулсан, зохимжгүй үйлдэл гэдгийг цохон тэмдэглэж байна.
  • Хүнд нөхцөлд Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн алдагдал, өрийг бууруулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирлээ. 
  • Төсөв, санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр төсвийн бодит хэрэгжилт төлөвлөснөөс илүү сайжирч 2018 онд ашигтай, 2019 онд анх батлагдсанаас 2.5 дахин бага буюу ДНБ-ий 2.0 хувийн алдагдалтай гарсан байна.
  • Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төслүүдэд зарцуулсан Чингис бондын 1.5 сая ам.доллар, Дим сам, Мазаалай, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг төлөхөд ашигласан Хуралдай бондын өр, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан 1.0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны өрийг Монгол Улсын төлбөрийн тэнцэл, төсөвт дарамт үзүүлэхгүй арга замуудаар төлж байна.
  • Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газар 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ.
  • Засгийн газар 2021-2023 оны эдийн засгийн дундаж өсөлтийг урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6.0 орчим хувьд хүргэхээр зорьж байна.
  • Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
  • Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж хамрагдалтыг нэмэгдүүлэх, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш шударга орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.
  • Бид татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг нэмэх бус борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ.
  • Гаалийн шинэчлэлийн үр дүнд экспорт, импортын голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар экспортыг нэмэгдүүлнэ. Мөн өндөр хүчин чадлын рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн лаборатори зэргийг байгуулж экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болно.
  • Монгол Улсын 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа e-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болно.
  • Засгийн газраас газрын бүртгэлийг бүрэн цахимжуулж ил тод болгох, газраас авах татвараа хуулийн дагуу ногдуулж хураах ажилд онцгой анхаарч хууль бус, замбараагүй олгогдсон газрын зөвшөөрлүүдийг цэгцлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын төлбөрөөс зайлсхийх явдлаас сэргийлж татварын тэгш шударга байдлыг хангаснаар орон нутгийн орлогыг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
  • Түүнчлэн, авто зам ашигласны төлбөр хураахад хүний хүчин зүйлийн нөлөөлөл их, зардал өндөр, хяналт сулаас гадна  түгжрэл үүсдэг үр ашиггүй постын системийг дугаар таних орчин үеийн камерын технологиор сольж авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэлийг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан түргэн шуурхай хүргүүлж хялбараар төлөх боломжтой болгоно.
  • Татварыг иргэд аж ахуйн нэгжээс захиргааны аргаар албадаж хураах бус технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж, энгийн хялбараар төлөх боломжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоно.
  • Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно.
  • Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ.
  • Хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх болно. 
  • Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна.
  • Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг  цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн шилжинэ.
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эмнэлгүүд стандарт үйлчилгээ болон чанараар өрсөлдөж, иргэнд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоо төлөвших эхлэл тавигдах болно. 
  • Шинэчлэлийн хүрээнд эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулж  стандартын шаардлага хангаагүй, өндөр үнэтэй хуурамч эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавьж зах зээлээс шахах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн  хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно.
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр,  анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ.
  • Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг Засгийн газар ирэх оноос цогц байдлаар хэрэгжүүлж эхэлнэ.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна.
  • Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  • Ирээдүйгээ харсан тэргүүлэх, нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтын зээл болон тэтгэлэг олгож, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцахыг дэмжих бодлого баримтална.
  • Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой.
  • Эмч, сувилагчдын цалин  хөлсийг  үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж,  багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. 
  • Коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн эрсдлийг бууруулах зорилгоор иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • Коронавирусийн цар тахлын аюул үргэлжилсээр байгааг харгалзан  эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр  2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг  2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Нийгмийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, хүн амын өсөлт, насжилт, цалин хөлсний бодлого зэрэгтэй  уялдуулан тогтолцооны хувьд иж бүрэн шинэчлэх замаар ажил эрхлэлтийг дэмжсэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дарамтгүй,  санхүүгийн хувьд урт хугацаанд тогтвортой, төлсөн шимтгэлийн хэмжээгээр ирээдүйд үр өгөөжөө өгдөг, тэгш, шударга, ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжинэ.
  • Олон төрлийн халамжийг хавтгайруулан давхардуулж олгодог байдлыг цэгцэлж зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хүртээмжтэй дэмжлэг, тусламж олгодог байхаар нийгмийн халамжийн тогтолцоог өөрчилнө.
  • Халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлан танил тал, авилгаар төрийн халамж хүртэж ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хааж, бэлэнчлэх бус харин ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн  тогтолцооны шинэчлэл хийнэ.
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн үр дүнг ахиулна.
  •  Төрийн үйлчилгээг цахимжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ 
  • Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд  шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ.
  • Өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойг  бэлчээрийн хүрэлцээтэй уялдуулахын зэрэгцээ орон нутагт төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно.
  • 2021 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

admin

Read Previous

”ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ДҮГНЭХЭД ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДАНА”

Read Next

ЭМЯ сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж, халуун усыг үе шаттай шийдэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *